images

Аялал жуулчлалын алдартай газрууд жуулчдаас зай барьж эхэлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Сүүлийн үед дэлхийн алдартай аялал жуулчлалын газрууд олон тооны жуулчдаас болж тав тух алдагдаж байгаа тухай гомдоллож, янз бүрийн шинэ журам тогтоож байгаа бөгөөд дэлхийн зарим боомт хотууд ч аяллын хөлөг онгоцыг нэвтрүүлэхийг хязгаарлахаа мэдэгдээд байна. Америкийн зүүн хойд хэсэгт орших Мэйн мужийн Баар Харбор боомтод буух аяллын хөлөг онгоцны жуулчдын тоог нэг өдөрт 1000 хүнээс хэтрүүлэхгүй байх талаар санал асуулга ард иргэдийн дунд явуулж олонхийн дэмжлэг авсан тухай “Wall Street Journal” сонин өнөөдөр мэдээлэв. Аляска мужийн Жуно боомт мөн ирэх жилээс эхлэн өдөрт 950-аас дээш хүнтэй том хөлөг онгоцыг ердөө тавыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав. Тэд 2019 оноос хойш холбогдох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны эхээр далайн аяллын салбаруудтай ийм гэрээ байгуулжээ. Европын хувьд ч мөн адил, Нидерландын Амстердам хотын эрх баригчид жуулчдын тоог хянах, хотын бохирдлыг бууруулах зорилгоор одоо байгаа боомтын терминалыг өөр газар нүүлгэхээр болжээ. Испанийн Барселона хот мөн нэг боомтоо хаасан байна. Жуулчид олноор ирснээс болж нутгийн оршин суугчид өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдаж байгаад бухимдаж, орон нутгийн удирдлага ч үүний дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд байгаа аж. Баар Харбор хотын хувьд ердөө 5200 хүн амтай ч өдөр бүр 4000 орчим жуулчин ирдэг ажээ. Испани, Итали, Франц, Норвеги зэрэг орнуудын зарим нутгийн иргэд ч мөн аялал жуулчлалын урсгалыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.