images

Дэлхийн хамгийн том хирсний фермийг Африкийн цэцэрлэгт хүрээлэн худалдаж авлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   ӨАБНУ-ын зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага болох Африкийн цэцэрлэгт хүрээлэн (African Parks) өчигдөр дэлхийн хамгийн том хувийн хирсний ферм болох “Platinum Rhino”-г дуудлага худалдаагаар худалдаж авснаа мэдэгдэв. Тус улсын баруун хойд мужид байрладаг энэхүү ферм нь 78 талбайтай бөгөөд 2000 орчим цагаан хирс байдаг аж. Хүрээлэнгийн албаны хүн хэлэхдээ "ӨАБНУ-ны Засгийн газрын дэмжлэг болон хүмүүсийн хандиваар бид тус фермийг 2000 хирсийн хамт худалдаж авахаар боллоо" гээд цаашид арав орчим жил тэдгээр хирсийн аюулгүй байдлыг ханган өсгөж үржүүлээд байгальд нь буцааж тавих гол зорилготой байгаагаа хэлсэн байна. Улмаар гардан тэжээх хөтөлбөрийг үе шаттайгаар зогсоож, эцэст нь бие даан амьдрах чадвартай болсон хойно хөтөлбөрийг эцэслэж зэрлэг байгальд нь буцаан нутагшуулахаа мэдэгдсэн байна. Энэхүү фермийг цагаан хирс хамгаалах зорилгоор аялал жуулчлалын газар болгосон Жон Хьюмын санхүүжилтээр ажиллуулдаг байжээ. Дэлхийн хирсний 80 орчим хувь нь амьдардаг Өмнөд Африкийн хирсний эврийг ялангуяа Азид уламжлалт анагаах ухаанд ашигладгаас болж хулгайн анчид олширсон байна. Хуурай газрын хөхтөн амьтдаас биеийн овор хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог цагаан хирс нь 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн хулгайн анд ихээр өртсөний улмаас мөхлийн ирмэгт тулж ирээд байсан ч сүүлийн жилүүдэд байгаль хамгаалал, үржүүлгийн хүчин чармайлтын үр дүнд тоо толгой нь тогтмол өссөөр байгаа өдгөө 18 мянга орчим болжээ. Ж.Хьюм сүүлийн 30 жилийн хугацаанд фермдээ 150 сая доллар зарцуулсан тухайгаа хэлжээ. Хирсийг хулгайн анчдаас хамгаалахын тулд 100 орчим хамгаалалтын ажилтан ажиллуулахад хамгийн их зардал ордог тухай мөн өгүүлсэн байна. Сүүлдээ тэрбээр санхүүгийн бэрхшээлд орж өнгөрсөн дөрөвдүгээр сард фермээ дуудлага худалдаанд оруулсан боловч худалдаж авах хүн олдоогүй аж. Харин ӨАБНУ-ын Засгийн газраас дэмжлэг авсан Африкийн цэцэрлэгт хүрээлэн хувь хүмүүс болон байгууллагуудын хандив тусламжаар уг фермийг худалдаж авсан нь энэ ажээ. Тус хүрээлэн Африкийн 12 орны Засгийн газартай хамтран зэрлэг ан амьтдын 22 дархан цаазат газрыг хамгаалж байгаа юм. Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) зүгээс тус хүрээлэн хирсний фермийг худалдаж авсан нь мөхлийн ирмэг дээр байгаа амьтдыг аварч үлдэх цорын ганц зам болохыг онцлон дурдсан тухай AFP мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.