images

Хүү нь онгоц жолоодож, ээж нь зорчигчдод үйлчлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   АНУ-ын агаарын тээврийн “United Airlines” компанийн нисгэгч 31 настай Коул Досс Виржиниа мужийн Даллес хотоос Испанийн Мадрид руу нисэхээсээ өмнө онгоцны чанга яригчаар нэгэн өвөрмөц мэдэгдэл хийсэн байна. Зорчих замын цаг агаарын мэдээ хүргэж байсан тэрбээр гэнэт онгоцны үйлчлэгч нэгнийг онцгойлон танилцуулжээ. Тэрбээр "Өнөөдөр бидэнтэй хамт байгаа онгоцны үйлчлэгчдийн нэг энэ бүсгүй бол үнэнхүү чадварлаг сайн үйлчлэгч төдийгүй миний хайртай ээж юм" гээд “Нисгэгчээр ажиллаад хоёр жил болохдоо өнөөдөр анх удаа ээжтэйгээ хамт ажиллаж байна” гэжээ. Улмаар "Ээж минь миний амьдрал, нисгэгчийн карьерт минь хамгийн их тусалж дэмжсэн хүн. Би ээждээ хайртай гэдгээ энд дахин хэлмээр байна. Өнөөдөр би анх удаа ээжийгээ суулгасан онгоц жолоодон та бүхэнтэй хамт Мадрид руу аялж байгаадаа туйлын баяртай байна” гэжээ. Нисгэгч Досс энэ тухай бичлэгээ Instargam хуудсандаа нийтэлсэн бөгөөд үүнийг цахим орчинд 30 мянга гаруй хүн үзэж санал сэтгэдлээ хуваалцсан байна. Бичлэг дээр ердийн үеийнх шиг ажлаа хийж байсан ээж нь хүүгийнхээ үгийг сонсонгуут талархан инээмсэглэж, зорчигчид ээж, хүү хоёрт алга ташин баяр хүргэж буй байдал гарчээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Доссын ээж нь тус компанид 45 жил үйлчлэгчээр ажилласан Моя Досс ажээ. Тэрбээр хүүгийнхээ үгийг сонсоод маш их цочсон ч үгээр илэрхийлэх аргагүй сайхан байснаа хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.