Энэтхэг улс нэрээ солихоор завдаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-06
Энэтхэгийн ерөнхийлөгч Друпади Мурму ирэх 9-10-ны өдрүүдэд Шинэ Дели хотод болох “Их 20”-ийн уулзалтад оролцох төлөөлөгчдөд илгээсэн үдийн хоолны урилгадаа өөрийгөө “Бхаратын ерөнхийлөгч” гэжээ. Мөн маргааш Индонезийн нийслэл Жакарта хотод болох АСЕАН-Энэтхэгийн дээд хэмжээний уулзалтын урилгад ерөнхий сайд Нарендра Модийг “Бхаратын ерөнхий сайд” гэж бичсэн байна. Бхарат гэдэг нь эртний Энэтхэгийн их хааны нэр, улмаар тус улсын хуучин нэр бөгөөд 1950 онд баталсан Энэтхэгийн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд тус улсын өөр нэг нэрийг Бхарат гэсэн байдаг. Албан ёсны урилгад ийнхүү бичсэн нь Энэтхэгийн эрх баригчид улсынхаа нэрийг өөрчлөхөөр завдаж буйн нэг илрэл юм. Их Британийн колоничлолын үед бий болсон Энэтхэг хэмээх нэрийг Н.Модийн удирддаг Энэтхэгийн ард түмний нам (Bharatiya Janata Party) боолчлолын бэлгэ тэмдэг хэмээн үзэж, халж өөрчлөх уриалгыг сүүлийн үед хүчтэй өрнүүлэх болсон билээ. Колоничлолын үе төдийгүй Их Моголын үеийн нэр, бэлгэдэлд ч өнөөгийн эрх баригчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд Шинэ Дели хотын нэгэн алдартай гудамж Их Моголын зургадугаар хаан Уранзэвийн нэрээр нэрлэгдсэн байсныг 2015 онд өөрчилж Энэтхэгийн 11 дэх ерөнхийлөгч Абдул Саламын нэрээр нэрлэсэн юм. Английн колоничлолын үеийн нэрээрээ байсан цэргийн парад болдог өргөн чөлөөний нэрийг өнгөрсөн жил мөн өөрчилжээ.
Энэтхэгийн “Times Now” сонины өнөөдрийн дугаарт бичсэнээр сөрөг хүчин эрх баригчдын сүүлийн өдрүүдийн алхмыг хэдийнэ шүүмжилж эхэлжээ. Өнгөрөгч долоодугаар сард тус улсын сөрөг хүчний 26 нам нэгдэн эвсэл байгуулснаа INDIA (Indian National Developmental Inclusive Alliance) хэмээн нэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл ирэх оны парламентын сонгуульд сөрөг хүчин ийм нэрээр оролцохоор болоод байгаа аж. Тэгвэл улсын нэрийг солих нь сөрөг хүчний сонгуулийн амжилтад таагүй нөлөө үзүүлнэ гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Мөн Дели хотын орлогч дарга Арвинд Кежривал өчигдөр мэдэгдэл хийхдээ, сөрөг хүчний эвслийн уриа “Энэтхэг ялна” хэмээх үгэнд Энэтхэг гэдэг нэрийг “Бхарат” хэмээн орлуулсныг сануулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.