Олена Зеленска: Надад түүхэн хүн биш эр нөхөр минь хэрэгтэй байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-06
Украины тэргүүн хатагтай Олена Зеленска өчигдөр ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа “Би нөхрөө өнөөгийн түүхэн хүн болно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа” гээд "Ингэж хэлэх нь жаахан хувиа хичээсэн мэт санагдаж магадгүй. Гэхдээ надад түүхэн хүн биш эр нөхөр минь хэрэгтэй байна" гэжээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос Украины дайн эхэлсний дараа хүүхдүүдийнхээ хамт нууц газар хэдэн сар нуугдан амьдарсан бөгөөд одоо хүртэл нөхрөөсөө тусдаа байгаагаа хэлсэн байна. Улмаар “Манай гэрийнхэн хааяа уулздаг ч бидний хүссэнээр тийм олон биш" гээд хүү нь аавыгаа их санаж байгаа тухай ярьжээ. Тэрбээр дайны эхэн үед байнга сэтгэлийн түгшүүр, дарамттай байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тайвширч, дайны хүнд нөхцөлд зохицож амьдрах шаардлагатай гэдгийг ухаарсан тухайгаа хэлсэн байна. Улмаар хатагтай О.Зеленска эр нөхөртөө итгэж, сэтгэл санаагаар дэмждэгээ илэрхийлээд "Түүнд энэ дайныг даван туулах эрч хүч, урам зориг, тууштай чанар байгаа” гэжээ. Тэрбээр сүүлийн үед дайн самуунаас болж Украины ард түмний сэтгэл зүйд учирсан үр дагаврыг арилгахад анхаарч байна. Энэ ажлын хүрээнд Их Британийн жүжигчин, сэтгэцийн эрүүл мэндийн нэрт зүтгэлтэн Стивен Фрайтай хамт Киев хотод сэтгэцийн эрүүл мэнд, тэсвэр хатуужилтай холбоотой уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.