images

Австралийн Засгийн газар золбин мууранд дайн зарлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-08


   Австралийн Холбооны засгийн газар устах аюулд ороод буй нэн ховордсон амьтдыг хамгаалах өдрийг тохиолдуулан золбин муурын эсрэг дайн зарлав. Учир нь тус улсад уугуул нутгийн ховор амьтад золбин муурны халдлагад өртөж, ихээр хорогдож байгаа тул ийм арга хэмжээ авах болжээ. Тус улсын Байгаль орчны сайд Таниа Плиберсек "Золбин муур бол өршөөлгүй амьтад. Хэрэв бид яг одоо арга хэмжээ авахгүй бол ховор амьтад устах аюул нүүрлэнэ" гээд улмаар золбин муургүй Австрали улсыг харахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр золбин муурнууд өдөрт 6 сая орчим мөлхөгчид, шувууд, хөхтөн амьтдыг устгадаг тухай мэдээлжээ. Үүний дагуу Засгийн газраас авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө гарган олон нийтийн хэлэлцүүлэгт бэлдэж, ирэх арванхоёрдугаар сард зарлахаар төлөвлөж байна. Байгаль орчны сайдын гаргасан төсөлд гэрийн тэжээвэр муурыг шөнийн цагаар гадуур явуулахгүй байх тухай журам багтжээ. Орон нутгийн байгаль орчны төлөөх байгууллагууд ч энэ төлөвлөгөөг дэмжиж байгаа нь мэдэгдэж байна. Төлөвлөгөөний төслийг боловсруулахад оролцсон профессор Сара Ледж "Муж бүр золбин муурыг хортон шавьж гэж үзэн тэмцэх ёстой” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.