Хятад: Хувцаслалтын тухай хуулийн төслийг иргэд шүүмжилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-08
Өмнөд хөрш хятад хүний амин шинжийг илэрхийлэхгүй хувцас өмсөхийг хориглох тухай Хувцаслалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улмаар цахим хэрэглэгчид уг хуулийг “утгагүй” хэмээн санал бодлоо илэрхийлж, мэтгэлцэж эхэллээ. Учир нь, тус хуулийн заалтад “Хятад үндэстний амин шинжийг гутаан доромжилсон эсвэл үндэстний сэтгэл зүйг гэмтээх хувцас өмсөх, бусдад өмсгөхийг завдвал 15 хоног баривчилж, 5000 юаниар торгоно” гэжээ. Мөн тийм төрлийн хувцас өмсөхийг уриалсан нийтлэл бичсэн хүмүүст адилхан хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Иймд цахим хэрэглэгчид “Үндэстний сэтгэл зүйг гэмтээх гэдгийг юу гэж тодорхойлох вэ”, “Хослол өмсөж зангиа зүүвэл буруудах хэрэг үү” гэх мэтээр шүүмжилж байна. Энгийн иргэдийн адил тус улсын хуулийн мэргэжилтнүүд ч мөн хуулийн тодорхой бус хэллэгийг шүүмжилжээ. Тус улсад кимоно өмсөх, япон хоол идэх, солонгын зурагтай хувцас өмсөхөд нэлээд эмзэг ханддаг тул иргэд нь “Японы кимоно өмсөх нь үндэстний сэтгэл зүйг гэмтээж, япон хоол идэх нь үндэсний амин шинжийг гутаан доромжилсон болох гэж үү? Олон зуунаар шалгагдсан хятад хүний сэтгэлийн дархлаа ийм хэврэг болоо юу” гэх зэргээр шүүмжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.