Их сургуулийн профессор болсон Хиллари Клинтоныг Тэйлор Свифттэй зүйрлэв
Анд нөхдийн мэдээ
2023-09-08
АНУ-ын Колумбын их сургуулийн Олон улсын болон төрийн бодлогын сургуулийн (SIPA) профессор болсон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон анхны лекцээрээ нэр хүндтэй хэвээр байгаа гэдгээ батлав. Түүний хичээлийн үеэр оюутнууд лекцийг маш анхааралтай сонсохоос гадна гар утсаараа зургийг нь авч цахим орчинд нийтэлж байжээ. Тус лекцэнд суусан нэг профессор “Лекц эхлэхэд оюутнууд гар утсаараа зураг авч эхэлсэн. Яг л Тэйлор Свифтийн тоглолт шиг” гэжээ. Тэйлор Свифт одоогоор АНУ-д хамгийн олон сонсогчтой поп дуучин болоод байгаа билээ. Тэрхүү профессорын санал болгосноор таван минутын завсарлага өгөхөд олон зуун оюутнууд гар утсаа барин гарч ирээд Х.Клинтонтой зургаа татуулж байсан байна. Хатагтай Х.Клинтон эелдгээр тэдэнтэй хамт зургаа авахуулахдаа “Яг л папарацци шиг" гэж хошигносон байна. Түүний хичээлийг сонсохоор 800 гаруй оюутан хүсэлт гаргаад түүнээс 370 оюутан сонгогджээ. “Нөхцөл байдал дунд” нэртэй энэхүү лекцээр Х.Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагаасаа тухайлбал, гадаад бодлогод дотоодын олон нийтийн санаа бодол хэрхэн нөлөөлж, үр дүнтэй бодлогыг хэрхэн бий болгосон талаар ярьсан ажээ. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан Дональд Трампын тухай өнөөдрийн хичээл дээр мөн дурджээ. Д.Трампын нэрийг тухайлан дурдаагүй ч түүнийг “АНУ болон Ираны хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрийг эвдсэн” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.