images

Итали: Хүүхдүүд шалтгаангүйгээр сургууль завсардвал эцэг эхийг нь хорих ялаар шийтгэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-08


   Одооноос эхлэн Италид сургуулийн насны хүүхдээ сургуульд явуулахгүй байгаа эцэг эхчүүдийг хорих ялаар шийтгэх болоод байгаа тухай ANSA агентлаг мэдээлэв. Тус улсын Засгийн газар залуучуудыг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх зорилгоор "Кайбаногийн хууль" гэгчийг Засгийн газрын хурлаар баталсан байна. Тус улсад өсвөр насныхны үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн үед нэмэгдэж, нийгмийн ноцтой асуудал болоод байна. Сүүлийн үед Неаполь хотын захын Кайбано дүүрэг болон Сицил арлын Палермо хотод өсвөр насны охидыг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарч нийгэм даяар түгшүүрт автаад байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Неаполь хотод 17 настай хүү 24 настай залууг скүтерийн зогсоолоос болж маргалдсаны улмаас хөнөөсөн хэрэг гарчээ. Үүний дараа ерөнхий сайд Жоржиа Мелони Кайбано дүүрэгт гэнэтийн айлчлал хийж, залуучуудын гэмт хэргийн эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаа амлаж, холбогдох хууль тогтоомжийн төслийг шуурхай боловсруулсан байна. Ноцтой хэрэг гарсан Кайбаногийн нэрээр нэрлэгдсэн "Кайбаногийн хууль" нь насанд хүрээгүй хүүхдийг хянах эцэг эхийн үүрэг хариуцлагыг илүү тусгасан байна. Хуулийн төсөлд тусгаснаар хүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургуулиас завсардсан тохиолдолд эцэг, эхэд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ. Сургууль завсардсан өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн бүлэг болон хүчирхийлэл үйлдэх явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан эцэг эхийн үүрэг хариуцлагыг илүү чухалчилж байгаа аж. Өнгөрсөн жил Итали улсын сургууль завсардалтын түвшин 11.5 хувь байсан нь Европын холбооны гишүүн орнуудын дунд тавдугаарт бичигджээ. Ерөнхий сайд Ж.Мелони “Залуучуудын дунд гэмт хэрэг газрын тос шиг тархаж байна” гээд “Засгийн газар энэ ээдрээтэй, хүнд хэцүү асуудалд нүдээ аниад өнгөрөхгүй” гэж мэдэгдсэн байна. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд 60 хоногийн дотор Үндэсний ассамблей батлах ёстой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.