Хятадын шилдэг бүтээлээр Ангараг гарагийн судалгааны аппарат шалгарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-09-11
Хятадын үндэсний оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллага хамтран 1989 оноос хойш зохион байгуулж байгаа шилдэг патентын шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр дуусаж байна. 24 дэх удаагийн оюуны өмчийн шилдэг бүтээлээр Ангараг гарагийг судлагч “Zhurong” аппарат тэргүүтэй 10 бүтээл шалгарч “Алтан дизайн” шагнал авав. “Zhurong” нь Ангараг гарагт “Tianwen-1” хөлгийн буулгасан судалгааны аппарат бөгөөд 2021 оны тавдугаар сарын 15-нд Улаан гарагийн хойд хагаст орших Утопиа планитиа гэдэг талд газарджээ. Нарны эрчим хүчээр ажилладаг, зургаан дугуйтай, цэнхэр эрвээхийтэй төстэй загвар бүхий тус аппаратыг эртний Хятадын домгийн галын бурхан Журоны нэрээр нэрлэсэн юм. Тус аппарат өндрөөшөө 1.85 метр, жин нь 240 кг бөгөөд Ангараг гарагийн гадаргуу дээр цагт 200 метр хурдан явах чадвартай. Уг аппаратнаас гадна өвчний оношилгооны ахисан түвшний томографын аппарат, барилгын гинжит кран зэрэг бүтээл шилдэг патентын шагнал хүртжээ. Өмнөд хөршийн Оюуны өмчийн байгууллага 2022 онд 795 мянган шинэ загвар бүртгэсэн байна. Иймд Дэлхийн оюуны өмчийн байгууллага Хятад улсыг шинэ патент, барааны тэмдэг, загварын тоогоор дэлхийд тэргүүлж байна гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.