Шведийн сургуулиуд цаасан ном, хуулан бичлэг зэрэг уламжлалт сургалтыг илүүд үзэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
Шведийн сургуулиуд дижитал хэрэглүүрээс татгалзаж, сурагчдын бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх зорилгоор хэвлэмэл цаасан ном, гар бичмэлээр төлөөлүүлсэн уламжлалт боловсролын арга хэлбэрт эргэн орж байгаа тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар олон сургууль цаасан номоор хичээллэж, уншлагын цагийг нэмж, хуулан бичлэг хийх зэрэг хичээлийг онцолж байгаа ажээ. Эсрэгээр таблет компьютер ашиглах, онлайн хайлт хийх, компьютерт бичих дадлага зэрэг цахим төхөөрөмжийн хэрэглээний хичээлийн эзлэх хувь буурсан байна. Тус улсын Засгийн газар сургууль бүрт ном худалдаж авахад зориулж 685 сая кроны хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв. Энэ нь сургалтын арга хэлбэрийг хэт дижиталжуулснаас болж сурагчдын сурах чадвар, тухайлбал бичиг үсгийн чадвар эрс муудсан гэсэн шүүмжлэлийн хариуд ийм арга хэмжээ авч байгаа ажээ. Боловсролын сайд Лотар Эдхолм сургуульд цаасан ном зайлшгүй шаардлагатайг онцолж, цэцэрлэгт дижитал төхөөрөмж ашиглахыг шаарддаг өмнөх бодлогыг цуцлахаа мэдэгдсэн байна. Бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварыг үнэлдэг “International Reading Literacy Study” (PIRLS) судалгаагаар Шведийн сурагчдын унших чадвар 2016-2021 оны хооронд эрс буурсан гэсэн дүгнэлт гарчээ. Дижитал хичээлд хэт их анхаарал хандуулах нь сайнаас илүү сөрөг тал ихтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тус улсын Хатан хааны “Каролинска” институтын албаны хүн “Үнэн зөв эсэх нь батлагдаагүй дижитал эх сурвалжийн оронд хэвлэмэл сурах бичиг, багшийн ур чадвараар дамжуулан мэдлэг олж авахад анхаарах ёстой” гэжээ. Боловсролын салбарт ч энэ чиг хандлагыг дэмжих дуу хоолой гарч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.