images

Энэтхэг улс "Их 20"-ийн удирдагчдад ороолт бэлэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-12


   Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улсдаа зохион байгуулсан "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зочдодоо даавуун ороолт бэлэглэсэн тухай CNN болон AFP агентлаг мэдээлэв. Энэ нь Их Британийн колоничлолыг хүчирхийлэлгүйгээр эсэргүүцэх хөдөлгөөнийг удирдаж байсан Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг Мохандас Карамчанд Гандигийн бэлгэ тэмдэг болсон "кади" хэмээх ороолт юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Германы канцлер Олаф Шольц зэрэг "Их 20"-ийн удирдагчид Шинэ Дели хотын Гандигийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд цэцэг өргөх ёслолд оролцохдоо энэхүү ороолтыг зүүсэн байлаа. Энэтхэгийн яруу найрагч Рабиндранат Таагүрийн "Агуу сүнс" гэсэн утгатай "Махатма" хочоор алдаршсан Ганди 1948 онд алагдсан юм. Өмнө нь тус улсыг колоничилж байсан Их Британи улсын ерөнхий сайд Риши Сунак ч бас кади ороолттой гарч ирээд ерөнхий сайд Моди болон бусад хүмүүстэй зургаа авахуулсан нь олны анхаарлыг онцгой татсан тухай CNN онцолжээ. Хэдийгээр тэр өдрийн өглөө орсон борооны улмаас цэцэрлэгт хүрээлэнгийн газар нойтон байсан ч Английн ерөнхий сайд Р.Сунак, Францын ерөнхийлөгч Э.Макрон зэрэг олон удирдагч ерөнхий сайд Н.Модиг дагаж хөл нүцгэн алхаж хүндэтгэл үзүүлсэн байна. CNN "Энх тайван, хүчирхийлэлгүй байхын бэлгэдэл болсон Гандигийн кади ороолт нь тусгаар тогтнол, бие даасан байдлын бэлгэдэл болдог" гэж тайлбарлав. Чухамдаа Ганди амьд ахуйдаа эх орныхоо улс төр, эдийн засгийн эрх чөлөөний бэлгэдэл болсон энэхүү ороолтыг байнга зүүдэг байжээ. Улмаар ерөнхий сайд Н.Моди "Гандигийн мөнхийн үзэл санаа нь олон үндэстнийг нэгтгэж, эв найртай, хүртээмжтэй, цэцэглэн хөгжсөн дэлхийн ирээдүйн талаарх бидний хамтын алсын харааг чиглүүлдэг" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.