Фүкүшима: Цацраг идэвхээс нь ангижруулсан 7800 тонн усыг далайд асгажээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
Фүкүшимагийн "Дайчи" цөмийн цахилгаан станцын хөргүүрийн цацраг идэвхээс нь ангижруулж хоргүйжүүлсэн усыг Номхон далайд цутгах ажлын нэгдүгээр шат наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 11-ний хооронд амжилттай өндөрлөснийг Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдээллээ. Энэ хугацаанд нийт 7800 тонн цэвэршүүлсэн усыг далайд нийлүүлжээ. Энэ сарын сүүлч, аравдугаар сарын эхээр мөн ийм хэмжээний цэвэршүүлсэн усыг далайд юүлэх ба түүний өмнө үйлдвэрийн байгууламжийг шалгах ажлыг гурван долоо хоногийн турш хийх юм. Улмаар ирэх оны гуравдугаар сарын сүүлч гэхэд нийт 32100 тонн цэвэршүүлсэн усыг далайд асгана. Одоогийн байдлаар "Дайчи" цөмийн цахилгаан станцын 1.3 сая тонн гаруй цэвэршүүлсэн ус станц дахь мянга гаруй танканд хадгалаастай бий бөгөөд ирэх арван жилийн турш ийн бага багаар асгах юм. Цацраг идэвхт усыг цэвэршүүлэх явцад цацраг идэвхт бусад бүх элемент устаж зөвхөн тритиум үлджээ. Иймд Японы Байгаль орчны яам, Фүкүшимагийн цөмийн станцаас гурван километр доторх уснаас өдөр бүр дээж авч тритиумын хэмжээг тогтмол шалгаж байгаа бөгөөд тэрхүү хэмжээ нь аюултай түвшнээс нэлээд доогуур байгаа билээ. Усыг асгаж эхэлснээс хойшх хамгийн их тритиум илэрсэн нь наймдугаар сарын 31-нд далайд ус цутгасан цэгээс 200 метр, станцаас нэг км-ийн зайд нэг литр усанд 10 бэккерэль тритиум илэрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр ундны усны нэг литрт 10 мянган бэккерэлиэс доош хэмжээний тритиум агуулагдаж болно. Мөн Олон улсын атомын энергийн агентлаг мониторинг хийж, далайн усан дахь тритиумын концентрац олон улсын стандартад нийцэж буйг есдүгээр сарын 8-нд баталсан юм. Түүнчлэн Загасчдын агентлаг цөмийн байгууламжийн ойролцоогоос барьсан загасан дахь тритиумын хэмжээг тогтоож нэг кг загасны маханд 10 бэккерэлиэс доогуур хэмжэээний тритиум илэрснийг танилцуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.