images

"Жэньминь Жибао" сонин сурталчилгааны дүрс бичлэгээ устгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   Хятадын Коммунист намын хэвлэл болох “Жэньминь Жибао” сонин Азийн наадам болох Жэжян мужийн Ханжоу хотыг сурталчлахдаа эрх баригч ангийнхныг шүүмжилсэн хошин шүлэг ашигласан гэх олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Энэ сарын 11-ний өдөр тус сонин албан ёсны “Weibo” хуудсандаа "Ханжоу хотыг үзэцгээе. Ханжоугийн сайхныг хамтдаа мэдэрцгээе" нэртэй сурталчилгааны дүрс бичлэг нийтэлжээ. Энэхүү дүрс бичлэгт Баруун нуур, Иньин сүм зэрэг Ханжоу хотын үзэсгэлэнт газруудыг харуулсан бөгөөд мөн хотын үзэсгэлэнт байдлыг дүрсэлсэн шүлэг уншиж оруулсан нь "Тэнгэрт диваажин байдаг бол газарт Ханжоу бий" гэсэн эртний Өмнөд Сүн улсын үеийн яруу найрагч Ли Шэнгийн шүлэг байсан нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Хятадын бага сургуулийн 5 дугаар ангийн сурах бичигт орсон энэхүү шүлэгт Өмнөд Сүн улсын нийслэл Кайфэн хот Алтан улсын мэдэлд орж, Ханжоуг түр нийслэл болгосон ч эрх баригчид архи дарс, зугаа цэнгэлд автан нийслэлээ эргүүлэн авахыг умартан байсан тухай өгүүлдэг ажээ. Тус улсын интернэт хэрэглэгчид үүнийг “Бага сургуулийн сурагчаас ч дор найруулгатай байна”, “Уран үгийн арга хэрэглэн нам, улс орныг далдуур дайрч буй үйлдэл” хэмээн шүүмжилжээ. "Жэньминь Жибао" сонин уг бичлэгээ “Weibo” сайтаас даруй устгасан бөгөөд уг бичлэгийг нийтэлсэн Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд ч мөн нийтлэлээ устгасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.