images

Ван Гогийн хулгайд алдагдсан алдартай зургийг олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   2020 онд Нидерланд улсын Гронингений урлагийн музейгээс хулгайд алдагдаад байсан Ван Гогийн "Хаврын цэцэрлэг" нэртэй зургийг эргүүлж олж авсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус музейн захиргаанаас уг зураг бага зэрэг гэмтсэн байсан боловч харьцангүй сайн хадгалагдсан байсныг онцлоод одоо Амстердам дахь Ван Гогийн музейд түр хадгалж байгааг мэдээлсэн байна. 1884 онд зурсан "Хаврын цэцэрлэг" зураг нь алдарт зураачийн эцэг эхийн амьдарч байсан Нидерландын Нюэнен дахь нэгэн сүмийн цэцэрлэгт хүрээлэнг дүрсэлсэн бүтээл бөгөөд 6 сая еврогоор үнэлэгджээ. Уг бүтээл Гронингений музейн цуглуулгад байж байгаад 2020 оны гуравдугаар сард “Singer Laren” галерейд түр үзэсгэлэнд гарах үедээ хулгайд алдагдсан байна. Тухайн үед хулгайчид үүр шөнөөр музейн шилэн хаалгыг эвдэн орж уг бүтээлийг хулгайлсан бөгөөд дохиолол дуугарч цагдаа нар хэргийн газарт ирэхэд аль хэдийн зугатаж амжсан байжээ. Тухайн үед цар тахлын улмаас тус музей түр хаалгаа барьсан байсан аж. Хулгайчдыг барьсан эсэх талаар тодорхой мэдээлэл дурдаагүй байна. Уг бүтээлийг эргүүлэн олж авахад урлагийн бүтээлийн мөрдөгч Артур Брэнд гол үүрэг гүйцэтгэсэн болохыг музейн захиргаа онцолжээ. Мөрдөгч Артур Брэнд нь Пабло Пикассогийн "1938: Buste de Femme" бүтээлийг мөрдөн олж эзэнд нь буцааж өгсөн. Мөн Ирландын зохиолч Оскар Уайлдын бөгжийг хууль бус наймаачдаас олж авсан гэхчлэн энэ чиглэлээр нэрд гарсан мөрдөгч ажээ. "Хаврын цэцэрлэг" зургийг олохоор орон нутгийн цагдаа нартай хамтран ажиллаж байх явцад нь үл таних нэгэн эр уг зургийг түүнд авчирч өгсөн хэмээн AFP агентлаг мэдээлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.