Ким Жон Уны хуягт галт тэргэн дотор юу байдаг вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-09-13
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр ОХУ-ын Владивосток хотын боомтод тансаг зэрэглэлийн, хуягласан, хувийн галт тэргээрээ очив. Тэрбээр 1180 км замыг 20 цагийн турш туулан Орост хүрч очсон нь энэ юм. Учир нь, уг галт тэрэг хамгаалалтын хүнд хуягтай тул цагт 50 км хурдалдаг ажээ. Харин галт тэрэг дотроо удирдагч франц хоол, дарс хүртдэг гэнэ. Энэ галт тэргийг Хойд Солонгосыг байгуулсан Ким Ир Сен буюу Ким Жон Уны өвөө хөлөглөдөг байв. Тэрбээр хуягт галт тэргээрээ Вьетнам болоод Европын орнуудад зорчиж байжээ. Харин Ким Жон Уны аав Ким Чен Ир 1994-2011 оны хооронд улсаа удирдахдаа онгоцонд нисэхээс айдгийн улмаас зөвхөн тус галт тэргээр зорчдог байв. Тэрбээр 2001 онд Владимир Путинтэй уулзахаар Москва хот руу 10 өдрийн турш тус галт тэргээр зорчиж байсан ба 2011 онд мөнөөх галт тэргэнд явж байхдаа зүрхний шигдээсээр нас нөгчжээ. Оросын цэргийн генерал Константин Пуликовский 2001 онд хийсэн Ким Чен Ирийн айлчлалын тухай “Orient Express” сонинд дурсан ярихдаа “Галт тэргэн дотор франц, хятад, япон, орос, солонгос хоолноос хүссэнээ захиалах боломжтой” хэмээн ярьжээ. Гэхдээ К.Пуликовский “В.Путины хувийн галт тэрэг Ким Чен Ирийнх шиг тохитой биш” хэмээсэн удаатай. Гурван үеийн удирдагч тансаг зэрэглэлийн энэ галт тэргээр зорчин явахдаа Парисаас авчруулсан “Бордо”, “Бургунди” дарс хүртэж, шинэхэн амьд хавч зооглодог уламжлалтай аж. Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” өдөр тутмын сонинд нийтэлснээр бол тус галт тэргэн дотор орчин үеийн нимгэн хавтгай зурагт, хиймэл дагуулын утас, хурлын өрөө, унтлагын өрөө бий. Ким Жон Ун 2018 оны тавдугаар сард Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар Далянь хот руу явахдаа онгоцоор ниссэн юм. Тухайн үед түүний суусан онгоц ЗХУ-д үйлдвэрлэсэн “Ил-62” байв. 2018 оны гуравдугаар сард Ким Жон Ун Бээжинд дээрх галт тэргээр хүрч очсон бол хот дотор хувийн “Mercedes-Benz S-Class” автомашинаа хөлөглөж байв. Тус автомашин нь 1.8 сая доллар буюу хоёр тэрбум воны үнэтэй бөгөөд 2010 онд үйлдвэрлэжээ. Тэрбээр уг унаагаараа 2018 онд Панмүнжомд болсон дээд хэмжээний уулзалтад очихдоо бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн өөрөө жолоодож байсан юм. Мөн Хойд Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд Ким Жон Ун завь, далайн шумбагч онгоц, автобус, дүүжин тээврээр зорчиж буйг харуулж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.