Аутизмтай хүү гольфийн тэмцээнд түрүүлэн баярлахдаа хэлд оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-14
Шинэ Зеландын Умард арлын Плэнти булангийн нэгэн жижиг хотод амьдардаг 12 настай аутизмтай хүү Бэйли Типа-Таро гольфийн цохиур барьж эхлээд хоёр долоо хоногийн дараа анхны тэмцээндээ орж өсвөр насны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж ер бусын ур чадвартай болохоо харуулжээ. Түүнээс илүү гайхалтай нь, ярьж чаддаггүй байсан Бэйли хүү тэмцээнд түрүүлснийхээ дараа маш итгэлтэйгээр ярьж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Үүнд гэр бүлийнхэн нь төдийгүй багш, дасгалжуулагч, ойр дотнын хүмүүс нь мэл гайхсан байна. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Тэмцээнд оролцохыг олон жил мөрөөдсөн. Оролцоод түрүүлсэндээ туйлын баяртай байна” хэмээн сэтгэл дүүрэн хариулжээ. Бэйли хүү тэмцээн болохоос ердөө хоёр долоо хоногийн өмнө анх удаа гольфийн цохиур барьж үзсэн бөгөөд сагсан бөмбөгийн пүүзтэй очиж “Монгануи” гольфын клубт элсэн орсноор түүний нууц авьяас илэрчээ. Аав нь үнэнхүү ихээр баярласан сэтгэлээ хуваалцаж "Би хүүгээрээ маш их бахархаж байна. Аутизмтай хүүгээ ийм гайхалтай байгааг хараад итгэхгүй байсан" гэжээ. Бэйли хүү "Хэдэн жилийн өмнө би ямар ч спортод дуртай байгаагүй. Одоо би зөв замаа олсон гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ. Түүний багш болон гольфийн дасгалжуулагч Вэтү Вирэмү "Медаль хүртэнэ гэдэг зүгээр л урамшуулал. Харин тэрбээр бусад хүүхдүүдийн адил маш итгэлтэйгээр ярьж эхэлсэн нь жинхэнэ том ялалт" гэжээ. Дараагийн мөрөөдөл нь Олимпод оролцох явдал болохыг Бэйли хүү хэлээд, орон нутгийн барилгын компани түүнд гольфийн иж бүрэн хэрэгсэл авч өгөхөөр болсныг дуулгасан байна. Шинэ Зеландын гольфийн холбоо ч хүүгийн сургуультай холбоо барьж, ирээдүйн спортын үйл ажиллагааг нь бүх талаар дэмжихээ илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.