images

Шон Пенн В.Зеленскийн тухай баримтат киногоо ирэх долоо хоногт нээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-14


   Ерөнхийлөгч В.Зеленский гол дүрийг нь бүтээсэн “Superpower” баримтат киног найруулсан "Оскар"-ын хоёр удаагийн шагналт Холливүүдийн жүжигчин Шон Пенн өчигдөр  CBS телевизэд ярилцлага өгөхдөө В.Зеленскийтэй анх уулзсан тухайгаа дурсан ярьж, түүнийг "Төгс шийдэмгий, төрөлхийн удирдагч" гэж үнэлжээ. Украины дайн эхлэхээс өмнө энэхүү баримтат киног анх төлөвлөхдөө хошин урлагийн жүжигчин байгаад ерөнхийлөгч болсон В.Зеленскийг энгийн хөнгөн өнгө аясаар харуулах зорилготой байв. Гэтэл цар тахал дэгдэж, уулзалтууд хойшилсоор өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд В.Зеленскийтэй анх удаа нүүр тулж уулзсан байна. Ингээд дараа өдрөөс нь зураг авалтаа эхлүүлэхээр тохироод шөнө зочид буудалд эргэж ирэн унтах гэж байтал Орос улс Украин руу дайрсан тухай мэдээ авчээ. Гэсэн ч маргааш өглөө нь Украины ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж, хуваарийн дагуу зураг авалтаа үргэлжлүүлэхийг хүссэн ажээ. Энэ тухай тэрбээр "В.Зеленский одоогийн шинэ цаг үед дайн хийхэд гадаад харилцаа холбоо чухал гэдгийг сайн мэдэж байсан" гэжээ. Улмаар 24-ний өдөр ерөнхийлөгчийн ордны бункерт түүнтэй дахин уулзсан үеэ дурсан "Тэр миний урд өдөр нь уулзсан хүнээс тэс өөр, яг л украинчуудын адил төгс шийдэмгий хүн болсон байсан" гэжээ. Улмаар яг энэ цаг үеийн төлөө төрсөн хүн мэт харагдсан тухай ярьсан байна. Украин улсын тухайд тэрбээр "Украин бол хамгийн сайн иргэний ардчилалтай, хамгийн нягт хамт олонтой, хамгийн агуу эв нэгдэлтэй, ардчилал гэж нэрлэдэг бидний хүсэл тэмүүллийн оргилыг шууд харуулсан газар" гэж дүгнэжээ. Холливүүдийн продюсер, найруулагч Аарон Кауфмантай хамтран найруулсан уг кино нь энэ сарын 18-нд АНУ-д нээлтээ хийнэ. Шон Пенн 2004, 2009 онд "Оскар"-ын шагналыг хоёр удаа хүртэж байсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард Украинд айлчлах үеэрээ ерөнхийлөгч В.Зеленскийд нэг цомоо дурсгасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.