АНУ-ын Флорида мужид 4 метр урт аварга матар барьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-14
АНУ-ын Флорида мужийн Орландо хотын ойролцоох нуураас 4 метр орчим урт, 417 кг жинтэй аварга том матар баригджээ. Өмнө нь 1989 онд мөн тус нуураас 473 кг жинтэй матар барьж байсан талаар CNN мэдээлэв. Энэ матрыг 20 жилийн туршлагатай анчин Кевин Броц барьсан байна. Тухайн үед К.Броц хоёр найзынхаа хамт ан хийж яваад уг матрыг харжээ. Ингээд барьж гартаа оруулах хүртэл дөрвөн цаг зарцуулсан гэнэ. Матрыг анх олж харахад хамт явсан анчин Карсон Гор хэмээх эр маш их айж, гайхаж, сүрдэж байснаа ярьсан байна. Анчин К.Броц мөн л "Би өмнө нь амьтнаас ингэж их айж байсан удаагүй. Насаараа матар хөөсөн боловч ийм аварга амьтныг анх удаа харсан маань энэ” гэжээ. Мэргэжилтнүүд уг матрыг 60-90 орчим настай гэж үзсэн байна. Флорида мужид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр матар агнаж болдог ажээ. Тус нутагт 1.3 сая орчим матар байдаг бөгөөд мужийн удирдлага матрын тоо толгой хэт өсөж байгааг харгалзан 1988 оноос хойш агнах зөвшөөрөл олгож эхэлсэн байна. Матар агнахдаа 8-11 дүгээр сарын хооронд тогтоосон агнуурын хугацаанд зөвхөн тусгай зориулалтын газарт агнах ёстой бөгөөд мужийн Загас, зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгээс зөвшөөрөл авах ёстой. Өнгөрсөн жил Флоридад ангийн зөвшөөрлийн дагуу 7804 матар агнажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.