Владимир Путин Хойд Солонгост айлчлах уу?
Анд нөхдийн мэдээ
2023-09-15
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д хийсэн айлчлалын дараа ерөнхийлөгч Владимир Путин мөн Хойд Солонгост хариу айлчлах эсэх талаар дэлхий дахин анхаарал хандуулж байна. Хариу айлчлалын талаар БНАСАУ болон Хойд Солонгос хоёр улс өөр өөр мэдэгдэл хийжээ. Тухайлбал өчигдөр БНАСАУ-ын төв мэдээллийн агентлаг “Ким дарга дээд хэмжээний уулзалтын оройн зоогийн дараа ерөнхийлөгч В.Путиныг тохиромжтой цагтаа БНАСАУ-д айлчлахыг урихад тэрбээр урилгыг шууд хүлээн авсан" гэж мэдээлсэн бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч В.Путин одоогоор Хойд Солонгост айлчлах төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгджээ. Харин хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нь Хойд Солонгос-Оросын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын БНАСАУ-д хийх айлчлалын талаар тохиролцоонд хүрч, ирэх сарын эхээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чо Сон Хуйтай уулзахаар болсон тухай мэдэгдсэн байна. В.Путины гадаадад хийх айлчлалын хуваарь бол олон улсын анхаарлыг ихээхэн татсан асуудал юм. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах тушаал гаргаснаас хойш тэрбээр гадаадад айлчлаагүй билээ. Олон улсын шүүхээс баривчлах тушаал гаргасны дараах В.Путины гадаадад хийх анхны айлчлал нь Хятад байх төлөвтэй байна. Ирэх сард БНХАУ-д болох “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтад түүнийг оролцоно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков мэдэгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлахдаа ерөнхийлөгч В.Путиныг энэ онд багтаан Хятадад айлчлахыг урьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.