419 тэрбум долларын үнэлгээтэй LVMH компанийн залгамжлагч хэн байх вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-09-15
Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний “Louis Vuitton Moët Hennessy” компанийн өв залгамжлалын асуудалд Бернар Арно захирлын өгсөн хариулт олны анхаарал татаад байна. Тэрбээр энэ талаар "Би компаниа үр хүүхдүүддээ өвлүүлэх албагүй, тийм шаардлага ч байхгүй" гэж хэлсэн тухай “New York Times” сонин мэдээлэв. Дэлхийн тэрбумтнуудын чансааны тэргүүн байрыг Илон Масктай булаацалддаг Бернар Арно тус сонинд өгсөн ярилцлагадаа “Миний залгамжлагч заавал миний гэр бүлийн гишүүн байх албагүй. Удирдан зохион байгуулах чадвар, мэдлэгтэй гаднын хүн байж болно” гэжээ. Түүний таван хүүхэд тавуулаа LVMH-д менежмэнтийн чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал том охин Дельфин нь “Christian Dior”-ийн гүйцэтгэх захирал, хоёр дахь охин Антуан нь LVMH-ийн охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бол гурав дахь хүүхэд Александр нь тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн "Tiffany & Co" компанийн дэд захирал, харин дөрөв дэх хүүхэд 28 настай Фредерик болон хамгийн бага нь болох 24 настай Жан нар цагны салбарт ажиллаж байна. Францын хойд хэсэгт орших аж үйлдвэрийн хот болох Рубейд өссөн Б.Арно хүүхдүүддээ компаниа хариуцуулж өгсний дараа хэд хэдэн компани нь дампуурсан тухайгаа хэлжээ. Тэрбээр “Хүүхдүүд хэтэрхий амархан, бэлэн зүйл дээр очсон тул хоёр үе дамжсан компани дампуурсан” гэж тайлбарлажээ. Улмаар "Би тэднийг үдэшлэгт уриагүй, ажил даалгасан" гэж онцлон дурджээ. Тэрбээр сард нэг удаа LVMH-ийн төв байранд таван хүүхэдтэйгээ үдийн зоог барьдаг аж. Энэ үеэрээ янз бүрийн бизнесийн асуудлаар хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсдог бөгөөд энэ нь тэдний чадавхыг үнэлэх нэг төрлийн тест юм. Бага хүү Жан нь "Бид янз бүрийн санал дэвшүүлж, ярилцдаг ч эцсийн дүндээ аав шийдвэр гаргадаг" гэжээ. 2023 оны есдүгээр сарын 12-ны байдлаар LVMH компанийн зах зээлийн үнэлгээ нь 419.25 тэрбум доллар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.