images

Диана гүнжийн цамц 1.1 сая доллароор зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-15


   Их Британийн гүнж Дианагийн өмсөж байсан "Хар хонь" хэмээн алдаршсан цамцыг АНУ-д дуудлага худалдаагаар 1,14 сая доллараар зарсан тухай AFP мэдээлэв. Диана энэхүү цамцыг 1981 оны зургаадугаар сард тухайн үеийн угсаа залгамжлах ханхүү III Чарльзтай сүй тавьсныхаа дараахан поло тэмцээний талбай дээр анх өмссөн байна. Улаан дэвсгэр дээрх олон цагаан хонины дунд ганц хар хонь дүрсэлсэн энэ цамцыг Диана гүнж Британийн хааны ордонд туулсан амьдралаа зөгнөсөн мэт санагдсан тухай AFT агентлаг тайлбарлажээ. Диана гүнж хунтайж Чарльзаас 1996 онд салж, дараа жил нь Францын Парис хотод автомашины ослоор өөд болсон юм. Түүний амьдралынхаа туршид өмсөж байсан олон гоёмсог хувцаснуудын нэг гэж тооцогддог уг цамц нь Их Британийн хааны гэр бүлийн түүхийг өгүүлдэг “The Crown” олон ангит кинонд мөн гардаг ажээ. Энэхүү цамцыг урласан Британийн “Warm & Wonderful” загварын брэндийг үндэслэгч Жоанна Озборн өнгөрсөн гуравдугаар сард дээврийн хонгилоосоо уг цамцыг олсон байна. Диана амьд сэрүүн байхдаа, цамцных нь ханцуй сэмэрч гэмтсэн тул “Warm & Wonderful” компанид захидал илгээн цамцаа засуулах, эсвэл шинээр сольж өгч болох талаар асуусанд тус компани даруй шинэ цамц илгээсэн бөгөөд анхны цамцыг хадгалсан байжээ. Үүнээс гадна Диана гүнжийн илгээж байсан захидлыг мөн дуудлага худалдаанд оруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.