Энэтхэг: 58 жилийн өмнө үхэр хулгайлсан этгээдийг баривчлав
Анд нөхдийн мэдээ
2023-09-15
Өмнөд Энэтхэгийн Карнатака хотын цагдаа нар өнгөрөгч долоо хоногт 78 настай Ганапати Виттал Вагор гэдэг эрийг 1965 онд хоёр үхэр, нэг тугал хулгайлсан хэргээр баривчилжээ. Тэрбээр одоогоос 58 жилийн өмнө 20 настай байхдаа өөр нэгэн эртэй хамсаж энэ хулгайг хийснийг цагдаа нар тогтоосон байна. Тэд Карнатака хотын хөрш зэргэлдээх Махараштра хотын Удагир тосгоноос ирж үхэр хулгайлаад цагдаа нарт баригджээ. Ингээд эзэнд нь үхрийг буцааж өгөөд батлан даалтаар суллагдсан ч шүүхэд очиж тухай бүрт нь бүртгүүлэх ёстой байсан атал энэ үүргээ биелүүлэлгүй алга болсон байна. Батлан даалтын хугацаандаа шүүхэд бүртгүүлээгүй этгээдийг эрэн сурвалжлах хуультай тул цагдаагийнхан тэднийг хайсаар ололгүй тавин жил өнгөрсөн аж. Харин хэдэн долоо хоногийн өмнө цагдаагийн газар мөрдөн байцаалтанд удсан хэргүүдийн материалтай танилцаж, сураггүй болсон хоёр хулгайчийн араас дахин явсан байна. Улмаар тухайн хэргийн талаар санаж магадгүй Карнатакагийн Бидар дүүргийн өндөр настай эмгэнтэй уулзаж, хоёр оргодлын Махараштра хотод амьдран суудаг тосгоныг заалгажээ. Цагдаа нарыг очиход тосгоны иргэд хэрэгтэн Г.Вагорыг орон нутгийн сүмд суудаг хэмээн зааж өгсөн байна. Улмаар хөгшин эр цагдаа нарт хэргээ хүлээж “Шүүх рүү очихоос үхтлээ айсан” хэмээн мэдүүлжээ. Харин анх хэрэг үйлдэх үед 30 настай байсан хамтрагч нь 2006 онд нас нөгчсөн бол тухайн үед хулгайлсан үхрийн эзэн мөн бурхан болсон байна. Цагдаагийнхан Г.Вагорыг баривчлан саатуулсан боловч өндөр настай гэдэг шалтгаанаар мөн л батлан даалтаар мягмар гарагт суллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.