images

Тайванийн дэд ерөнхийлөгчийн сонгуульд жүжигчин Тамми Лай нэр дэвшиж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-15


  Ирэх оны нэгдүгээр сард болох Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа тэрбумтан Терри Гоу өдгөө 60 настай жүжигчин Тамми Лайг хамтрагчаараа сонголоо. Энэ нь хэрэв Т.Гоу ерөнхийлөгч болбол Т.Лай дэд ерөнхийлөгч болно гэсэн үг юм. Т.Лай нь “Netflix”-ийн “Wave Makers” улс төрийн сэдэвтэй олон ангит киногоор олонд танигдсан жүжигчин юм. Тэрбээр уг кинонд Цай Инь Вэнээс санаа аван бүтээсэн дүрд тоглож “Алтан хонх" кино наадмаас “Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин” шагнал хүртжээ. Түүний тоглосон энэ киноноос улбаалан энэ оны эхээр Тайваньд “MeToo” олон улсын хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн шинээр эхэлснээс гадна Т.Лай уг дүрээрээ Тайванийн залуусын дунд ихээхэн нэр хүндтэй болсон байна. Мөн "A Minute More", "Mr.Right Wanted", "Father to son" кинонд тоглож, "Life plan A and B" киноны уран сайхны найруулагчаар ажилласан тэрбээр шоу бизнесийн салбарт алдартай аж. Сонгуулийн ажлын албанаас зарласан хэвлэлийн мэдээнд дурдсанаар Т.Лай нь Хятадын Жинан их сургуульд олон улсын харилцаагаар магистр, эрх зүйгээр докторын зэрэг хамгаалсан байна. Мөн "Хамтын харилцаа холбооны академи”-ийн үүсгэн байгуулагч, зохиолч, дуучин бөгөөд сүүлийн хэдэн жил буяны үйлс их хийсэн тул сонгуульд хүнээ дэвшүүлэх намууд түүнийг хүчтэй өрсөлдөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Тэрбээр сонгуульд өрсөлдөх болсон тухайгаа ярихдаа "Ноён Т.Гоутай хэд хэд уулзаж ярилцсаны дараа би түүнтэй хамтрахаар болсон" гэжээ. Харин Т.Гоу "Бидэнд улс төрийн туршлага байхгүй ч ард түмэнд чухам юу хэрэгтэй байгааг бид гүн гүнзгий ойлгосон" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.