images

13 настай охин өөрт нь халдсан танхай охидыг уучилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   Шинэ Зеландын Роторуа хотод амьдардаг 13 настай Аркадиус Мэй охин өөрт нь хэрцгийгээр халдсан охидыг уучилсан тухайгаа “New Zealand TV” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна. Нэвтрүүлэгт хамт оролцсон охины ээж ч мөн санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ. А.Мэй охин өнгөрсөн сарын 22-нд Роторуа хотын төвд автобусны буудал дээр унаа хүлээж байтал хэсэг охид түүн рүү ойртож ирээд нэг нь ямар ч шалтгаангүйгээр нүүр лүү нь цохиж эхэлсэн байна. Ойролцоогоор таван минут орчим нүүр лүүгээ цохиулсан охины хамраас цус гарч, нүүр нь гэмтжээ. Тухайн үед автобусны буудал дээр хэд хэдэн хүн тэднийг огт зогсоогоогүй бөгөөд зарим нь халдлага үйлдэж буй дүр зургийг гар утсаараа бичиж байжээ. Охины ээж Мори энэ явдалд ихэд цочирдсоноо хэлээд "Одоо хүртэл миний зүрхээр хатгаж байгаа юм шиг санагддаг. Энэ бол ээж хүний мэдрэх хамгийн аймшигтай мэдрэмж байсан" гэв. Гэсэн хэдий ч тэрбээр охиныхоо хамтаар гэмт этгээдийг уучилсан гэдгээ хэлсэн байна. Мэй "Өс хонзон огт хэрэггүй зүйл. Өс зангидлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж би бодож байна" гэжээ. Ээж нь охиныхоо энэ хандлагад бахархаж байгаагаа хэлээд "Би ч мөн адил тэдгээр охидыг уучилсан" гэсэн байна. Гэсэн ч тэр өдрийн халдлагаас хойш ээж охин хоёр сэтгэлийн түгшүүртэй байх болжээ. Харин халдлага үйлдсэн охидыг танхайн хэргээр шүүж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.