Өмнөд Солонгост төрсөн таван ихэр хоёр нас хүрч байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны оройн 22 цагийн орчимд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт таван ихэр хүүхэд төрсөн билээ. Таван ихэр хүүхэд мэндлэх нь дэлхий даяар ховор тохиолддог үйл явдал бөгөөд хамгийн сүүлд 1987 онд АНУ-д таван ихэр мэндэлж байжээ. Өдгөө хоёр нас өнгөрөөд буй таван ихрийн аав, ахмад Ким Жин Сү нь Өмнөд Солонгосын армийн 17 дугаар дивизэд ажилладаг бөгөөд ээж нь мөн цэргийн хүн ажээ. Ихрүүд анх төрөхдөө 1 кг орчим жинтэй байсан бол одоо 10-12 кг жинтэй, 80 см өндөр болсон байна. Тэднийх ийш тийш явахдаа унадаг есөн хүний суудалтай бага оврын автобустай бөгөөд доторх таван суудал дээр нь ихрүүдээ суулгаад замд гардаг тухай эцэг нь ярьжээ. Ингэхдээ эцэг Ким жолоо барьдаг бол түүний хажуугийн суудал ямагт хоосон байдаг аж. Учир нь ээж нь ихрүүдээ асарч халамжлахын зэрэгцээ ямагт тэдний дэргэд суудаг гэнэ. Мөн тэд автобусандаа таван хүүхдийн солих хувцас, живх, замын хүнс, ус, ундаа гэх мэтээр дүүрэн ачаатай явдаг тухайгаа ярьжээ. Тэд энэ жилийн Ургацын баярыг угтан ихрүүдээ өвөө эмээд нь золгуулахаар замд гарах бэлтгэлээ хийн завгүй ажиллаж байгаа тухайгаа Ким хэлсэн байна. Тэрбээр "Хүүхдүүдийн төрсөн үеийн дүр төрх одоо ч сэтгэлд тодхон байна. Хамаатан садан, ах дүү, найз нөхдийн анхаарал халамжийн ачаар таван ихэр сайхан өсч байна. Цаашид ч бид аз жаргалтай гэр бүлийг цогцлоох болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.