Суугуул нутгаасаа дүрвэсэн арменчуудыг элэг нэгтнүүд нь баяртайгаар угтан авч байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
Мөргөлдөөний улмаас эх нутгаасаа дүрвэн гарсан тавин мянга гаруй арменчуудад туслах хөдөлгөөн өрнөөд байгаа тухай ВВС агентлаг мэдээлэв. Арменийн Засгийн газрын мэдээлснээр, өнөөдрийн үдээс хойшх байдлаар 50 мянга гаруй хүн Уулын Карабах нутгийг орхин Арменид орж ирсэн байна. Карабахт нийт 120 мянга орчим армен үндэстэн суудаг байжээ. Арменийн хилийн ойролцоох Горис хотод дүрвэгсдийг хүлээн авах байр байгуулж, мөн хотын төвд байрлах кино театрт дүрвэгсдийг дэмжих төв байгуулсан байна. Зочид буудлууд дүрвэгсдэд үнэ төлбөргүй өрөө гаргаж өгч эхэлсэн бөгөөд одоогоор бүх өрөө дүүрчээ. Тиймээс Горис хот дахь сургуулийг түр зуур дүрвэгсдийн байр болгох санал хүртэл гарч байна. Хотын төв талбайд дүрвэгсдэд зориулсан майхан хуаран барьж, хандив тусламжийн хүнс цуглуулж эхэлжээ. Сувилагч хийдэг байсан Тамара бүсгүй гэр бүлийн хамт дүрвэн хилээр орж ирээд гурван жилийн өмнө Армен, Азербайжаны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр шархдан өөрөөр нь эмчлүүлж байсан армян залуу рүү утасджээ. Залуу эр даруй ирж тэднийг баяртайгаар угтан аваад гэртээ байрлуулж байгаа аж. Тэрбээр амийг нь аварсан ачтандаа бага ч гэсэн тус нэмэр болж чадсандаа баяртай байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.