Азийн наадам: 48 настай Оксана Чусовитина медаль авахад 0.15 оноо дутжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-29
Узбекистаны тамирчин, уран сайхны гимнастикч, 48 настай Оксана Чусовитина Азийн спортын наадамд тавдугаар байр эзэллээ. Тэрбээр 1992 оны Барселонагийн (алтан медаль), 1996 оны Атлантагийн, 2000 оны Сиднейн, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн (мөнгө), 2012 оны Лондоны (тавдугаар байр), 2016 оны Риогийн (долоодугаар байр), 2020 оны Токиогийн Олимпод оролцсон нэгэн юм. Гучин жилийн хугацаанд найман Олимпод оролцсон О.Чусовитина 2024 оны Парисын Олимпод өрсөлдөх зорилготой байгаа билээ. Тэрбээр Хятадын “Синьхуа” агентлагт “Олимпын эрх авахын тулд ахиж дэвших хэрэгтэй гэдэг минь тодорхой ч өмнөхөөсөө илүү их эрч хүчтэй болсон мэт санагдаж байна” хэмээгээд Парисийн Олимпыг дуустал бэлтгэл сургуулилтаа хийсээр байна гэжээ. Тэрбээр Азийн наадамд 13.383 оноо авсан нь хүрэл медаль хүртсэн Хятадын тамирчин Юу Линминээс ердөө 0.15 оноо дутжээ. О.Чусовитина үүгээр Азийн наадмаа дуусгаж буйгаа дуулгасан бөгөөд “Би Азийн наадмаас медаль авч чадаагүйдээ харамсахгүй байна. Амьдрал дуусаагүй, би бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ” гэв. Тэрбээр 2002 оны Азийн наадмаас хоёр алтан медаль авч байсан бөгөөд Азийн наадмын нийт найман медальтай юм. Харин 2002 онд хүү нь цусны хорт хавдраар өвдсөн тул хүүгээ эмчлүүлэхээр Германы иргэншил авч тус улсын өмнөөс тэмцээнд оролцож Европын аварга болсон юм. Хүү нь хэдийнэ эдгэрсэн бөгөөд тэрбээр 2016 оноос дахин эх орныхоо нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцож байна. Түүнийг саяын наадамд оролцох үеэр Хятадын иргэд маш их дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тиймээс О.Чусовитина “Миний хүү болон надад санаа тавьж байгаа Хятадын ард түмэнд баярлалаа. Миний хүү ирээдүйд багш болохыг хүсч их сургуульд суралцаж байгаа” гэжээ. Тэрбээр ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.