Япон: Гэрээслэлийг дижитал төхөөрөмж ашиглан бичихийг зөвшөөрнө
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
Японы засгийн газар гэрээслэлийг гараар бичихээс гадна компьютер зэрэг дижитал төхөөрөмж ашиглан бичиж болохыг зөвшөөрөхөөр хэлэлцэж байгаа тухай “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Өмнө нь тус улс иргэний эрх зүйн зохицуулалтын дагуу гараар бичсэн гэрээслэл, нотариатчийн оролцоотой гэрээслэлийг л хүчинтэйд тооцдог байсан юм. Энэ талаар Хууль зүйн яамнаас шинжээчдийн хурлыг байгуулж, Иргэний хуулийг шинэчлэн найруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцүүлгээр дижитал төхөөрөмж дээр бичигдсэн гэрээслэл үнэн зөв эсэх, тухайн хүний жинхэнэ эсэхийг шалгах аргуудын талаар хэлэлцэх ажээ. Үүнд тухайн хүн гэрээслэл бичсэнийг баталгаажуулахын тулд цахим гарын үсэг ашиглах, гэрээслэл бичсэн хүнийг бүртгэх зэрэг аргууд орох юм. Өндөр настнууд компьютер ашиглах боломжтой байхад гараар урт гэрээслэл бичих нь төвөгтэй байгаа талаар иргэдээс ирсэн саналыг харгалзан үзсэн байна. Өмнө нь 2018 онд Япон улс гар бичмэл гэрээслэлтэй холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг шинэчилж, гэрээслэлийн бичвэрээс бусад эд хөрөнгийн жагсаалтыг компьютер ашиглан бэлтгэж хавсаргахаар зөвшөөрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.