images

Японы Засгийн газар төрөлт нэмэгдүүлэх тодорхой бодлого гаргана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-03


   Японы засгийн газар өчигдөр төрөлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн талаар хэлэлцэж эхэлснийг “Kyodo News” мэдээлэв. Төрөлт буурч, хүн амын насжилт нь өндөрсөж байгаа тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар "Хүүхдийн ирээдүйн стратеги" нэртэй уулзалтыг зохион байгуулсан байна. Тэрбээр холбогдох хуулийн төслийг ирэх оны Үндэсний Ассамблейн ээлжит чуулганд өргөн мэдүүлэх тухайгаа хэлээд Засгийн газрын гишүүдэд тодорхой бодлого гаргах үүрэг өгчээ. Өмнө нь Кишидагийн засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг зургадугаар сард зарласан бөгөөд үүнд хүүхдийн мөнгийг үлэмж хэмжээгээр нэмэх, эмнэлгийн даатгалын тэтгэмжийг хүүхэд төрүүлэх зардалд хамруулах зэрэг арга хэмжээг авч байсан юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд жилд 3 их наяд иенийн нэмэлт төсөв шаардлагатай байгаа аж. Энэ хүрээнд юуны өмнө нэг хүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг 500 орчим иенээр сар бүр нэмэгдүүлснээр 1 их наяд иен бий болгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн жил Японы төрөлтийн нийт түвшин 1.26 байсан нь 1947 онд холбогдох статистик мэдээ гарснаас хойшхи хамгийн бага үзүүлэлт юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.