images

НАСА саран дээр байшин барина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-04


   НАСА 2040 он гэхэд саран дээр суурьшлын бүс байгуулж барилга байшин барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зөвхөн сансрын нисгэгчид төдийгүй америкчууд тэнд амьдрах боломжтой болох тухай “New York Times” сонин мэдээлэв. НАСА-гийн Технологийн хөгжлийн захирал Никки Векхайзер "Хүн бүр энэ алхмыг хамтдаа хийхэд бэлэн байна. Хэрэв бид үндсэн хүчин чадлаа ахиулах юм бол үүнийг хийх бүрэн боломжтой” гэжээ. Тус агентлагийн төлөвлөгөө ёсоор саран дээр хуримтлагдсан чулууны хэлтэрхий, ашигт малтмал, хуримтлагдсан тоосонцор зэргийг барилгын материал болгон ашиглаж гурван хэмжээст (3D) принтерээр байшин хэвлэх ажээ. Гурван хэмжээст технологиор барилга барих үйл явцыг автоматжуулж зардал, цаг хугацаа, материалыг хэмнэдэг тул энэ технологийг саран дээр ч мөн ашиглахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил НАСА Америкийн хувийн ICON компанитай 57.2 сая долларын гэрээ байгуулж "Саран дээр байшин барих төсөл"-ийн гэрээ байгуулжээ. ICON компани 3D принтерийн төхөөрөмжийг саран дээр ажиллуулахын тулд ирэх оны хоёрдугаар сард цацраг туяа, дулааны вакуум нөхцөл зэрэг тодорхой нөхцөл байдалд бэлтгэх туршилт хийж байгаа юм. Тус компани нь АНУ-ын Техас зэрэг газруудад 3D принтерийн технологи ашиглан орон сууцны цогцолбор барьж олны анхаарлыг татсан билээ. Дашрамд дурдахад, НАСА зарим их, дээд сургууль, хувийн компаниудтай хамтран сарны гадаргуу дээрх байшингийн тавилга, интерьер дизайн хийхээр ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.