images

Нобелийн шагнал хүртсэнээ хичээлийн завсарлагаанаар мэджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-04


   Шведийн Лундын их сургуулийн атомын физикийн профессор Энн Лхуллиер бакалаврын 100 орчим оюутанд инженерийн физикийн анхан шатны хичээл зааж байхад гар утсанд нь дуудлага иржээ. Утсаа чимээгүй горимд шилжүүлсэн байсан тул дуудлага ирснийг мэдсэнгүй. Завсарлагааны цагаар дуудлага ирсэн дугаар луу залгаж үзтэл Нобелийн хорооноос түүнийг энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэнийг дуулгажээ. Завсарлага дуусч эргээд хичээлдээ орсон ч хичээлээ үргэлжлүүлэхэд хэцүү байсан тухайгаа профессор Лхуллиер хошигнон өгүүлэв. Тэр үеэ дурсаж, "Би Нобелийн шагналыг түр мартаж, хичээлээ дуусгахыг хичээсэн, бас цагаасаа бага зэрэг эрт дуусгасан" гэжээ. Тэрбээр “Энэ нэр хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Учир нь энэ шагналыг тийм ч олон эмэгтэйчүүд хүртээгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа” гэсэн байна. Нобелийн хороо түүний гар утсаа чихэндээ бариад зогсож байгаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, “Нобелийн шагнал хүртэл түүнийг оюутнуудаас нь холдуулж чадаагүй юм” гэсэн тайлбар хийжээ. Тэрбээр тус шагнал хүртсэн түүхэн дэх тав дахь эмэгтэй юм. Өмнө нь физикийн салбарт 1903 онд Мари Кюри, 1963 онд Мария Майер, 2018 онд Донна Стрикланд, 2020 онд Андреа Гез нар уг шагналыг хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.