images

Хачико нохойн ховор зургуудыг үзэсгэлэнд дэлгэжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-04


    Токиогийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнгөрөгч наймдугаар сараас хойш Хачико нохойн үзэсгэлэн гарч байна. Шибүяагийн галт тэрэгний буудал дээр эзнээ 12 жил хүлээсэн үнэнч нохойн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Иймд үзэсгэлэнд түүний 250 орчим гэрэл зураг, бичвэр, бусад материалыг дэлгэжээ. Анх тус музейд 90 жилийн ойгоор нь Хачикогийн гэрэл зургийн үзэсгэлэн гарч байв. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн ховор зургуудын дотор Кобэ хотоос ирсэн гурван хүү нохойнд зориулан босгосон анхны хөшөөний урд Хачикотой хамт татуулсан зураг байгаа аж. Энэ зургийг зураг дээрх хөвгүүдийн гэр бүлээс Токиогийн музейд өгсөн байна. Энэ талаар үзэсгэлэнгийн куратор Кэйта Мацүи “Хачико өөрийнхөө хөшөөтэй хамт авхуулсан зураг маш ховор. Учир нь түүнд зориулсан анхны хөшөөг барьж дууссанаас 11 сарын дараа Хачико нас барсан” гэжээ. Мөн уг үзэсгэлэнд нохойг нас барахаас нэг жилийн өмнө Шибүяагийн галт тэрэгний буудал дээр эзнээ хүлээж байхад нь ойроос авсан хоёр гэрэл зургийг дэлгэсэн байна. Тус зургуудыг үзэсгэлэнд тавихын тулд нас барсан гэрэл зурагчин Мориёоши Күмагайн ойрын хамаатнуудаас гуйж авчээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 9-нд буух бөгөөд ахлах сургуулийнхан болон түүнээс дээш насныхан 100 иен, бага, дунд сургуулийнхан 50 иенээр үзэж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.