Олон хүн хазсан ерөнхийлөгчийн нохойг Цагаан ордноос явуулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-05
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений тэжээвэр нохой 11 удаа хүн хазсан тул Цагаан ордноос явуулжээ. Тэргүүн хатагтай Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгч Элизабэт Александр мэдэгдэл хийхдээ "Нохой одоогоор Цагаан ордонд байхгүй байна. Ерөнхийлөгч тэргүүн хатагтай нар Цагаан ордны ажилтнуудын аюулгүй байдлын төлөө энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа" гэсэн байна. Гэхдээ нохой одоогоор хаана байгааг мэдээлсэнгүй. “Commander” нэртэй уг нохойг 2021 оны арванхоёрдугаар сард Ж.Байдений дүү Жэймс бэлэглэсэн бөгөөд одоо хоёр настай аж. Цагаан ордон болон ерөнхийлөгчийн гэрт уг нохой 11 удаа хүн хазжээ. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нууц албаны ажилтан гар, хөлөндөө хазуулж эмнэлэгт хүргэгдсэн билээ. CNN Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ "Цагаан ордон уг 11 тохиолдлыг хүлээн зөвшөөрсөн боловч тоолоогүй тохиолдлуудыг авч үзвэл энэ тоо бүр олон болно" гэжээ. Иймэрхүү явдал олон давтагдсан тул ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар бие хамгаалагчид болон ажилтнуудтайгаа нохой сургах, хянах талаар ярилцаж байгаагаа хэлж байв. Гэтэл өнгөрсөн сарын 25-ны өдөр дахин нэг ажилтныг хазсан байна. Тухайн үед нууц албаны ажилтан асан Жонатан Вакро "Цагаан ордон бол АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны оршин суух газар мөн боловч өөр олон зуун хүн ажилладаг ажлын байр юм" гээд "Ердийн компанийн гүйцэтгэх захирал ажил дээрээ нохойгоо авчирч, нохой нь ажилчдыг нь дахин дахин хаздаг гэж төсөөлөөд үз дээ" хэмээн шүүмжилж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.