images

Хятадаас Монголд суух анхны эмэгтэй Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-10-06


   БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайд Шэнь Миньжюань өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноор анхны Элчин сайд Жи Яатай 1950 оны долоодугаар сард Улаанбаатарт ирж итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд манайд тус улсын 17 элчин сайд ажилласан түүхтэй. Тэдгээрээс хамгийн олон жил ажилласан нь гурав дахь Элчин сайд Ли Жүцинь 1983-1989 онд буюу зургаан жил ажилласан юм. Харин нь Шэнь Миньжюань 18 дахь Элчин сайдаас гадна анхны эмэгтэй сайд болж байна. Тэрбээр үүний өмнө Танзани улсад Элчин сайдаар ажиллаж байжээ. Шэнь Миньжюань өнгөрөгч есдүгээр сарын 27-нд Улаанбаатарт хүрэлцэн ирж Гадаад харилцааны яаманд жуух бичгээ барьсан юм.   

   Хятадын түүхэн дэх анхны эмэгтэй элчин сайд 1979 онд Хойд Солонгост томилогдсон нь тухайн үед 61 настай Динь Шүэсүн байв. Тэрбээр хожим нь Нидерланд, Дани, Исланд улсуудад Элчин сайдаар сууж байжээ. Түүнээс хойш цөөнгүй эмэгтэй хүн тус улсын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрыг толгойлж байснаас хамгийн алдартай нь Фү Инь бөгөөд Хөххотод 1953 онд төрсөн монгол үндэстэн тэрбээр Филиппин, Австрали, Их Британид Элчин сайдаар сууснаас гадна Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Гадаад харилцаа эрхэлсэн тусгай хорооны даргаар өнөөг хүртэл ажиллаж иржээ. Хятадын дипломат албанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ дэлхийн дунджаас нэлээд өндөр буюу 25 хувь байна. Хятадын дарга Ши Жиньпин 2021 оны есдүгээр сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд хилийн чанадад 52 элчин сайд томилсны долоо нь эмэгтэй бөгөөд тэд Мальдив, Танзани, Гвиана, Антигуа ба Барбуда, Сингапур, Монгол, АСЕАН (Жакартад төвтэй)-д ажиллаж байгаа юм.     

Гэрэл зургийн эх сурвалж: www.president.mn    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.