Өмнөд Солонгос: Панда баавгайн ихэр бамбарууш нэртэй боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-10-12
Өмнөд Солонгосын "Everland" амьтны хүрээлэнд бойжиж буй ихэр хулсны баавгайд “Мэргэн эрдэнэ” буюу "Руйбао”, “Гэрэлт эрдэнэ” буюу "Хуйбао" гэсэн нэр өгчээ. “Самсунг Си энд Ти” амралтын газар өнөөдөр тэдэнд тохирсон нэр өгөх уралдааны дүнг ийнхүү зарлаж ихэр бамбаруушуудын нэрийг анх удаа мэдээлэв. Өнөө өглөө 10 минут орчим үргэлжилсэн “Хэвлэл мэдээллийн өдөрлөг” арга хэмжээнд 50 сурвалжлагч, 30 зочин, нийт 80 орчим хүн оролцсон байна. Амьтны хүрээлэнгийн ажилтан О Сын Хи, Хятадын Хулсны баавгай хамгаалах судалгааны төвийн судлаач Ван Пинпэн нар ихрүүдийг тэврэн талбайд гарч ирж сэтгүүлчдэд танилцуулав. Анх төрөхдөө ердөө 180 гр, 140 гр жинтэй байсан ихрүүд 100 хоногийн дотор 5 кг орчим жинтэй болжээ. Мэргэжилтний хэлснээр тэдний өсөлт хэвийн сайн байгаа бөгөөд сүүн шүд нь гарч эхэлж байгаа аж. Ихрүүдийг “Everland” амьтны хүрээлэнгийн ажилтан, малын эмч болон Хятадын Хулсны баавгай хамгаалах судалгааны төвийн мэргэжилтнүүд асарч байна. Өнгөрсөн наймдугаар сарын 24-нөөс энэ сарын 6-ны хооронд болсон ихрүүдэд нэр өгөх цахим санал асуулгад 20 мянга орчим хүн оролцож, 40 мянга орчим нэр ирүүлжээ. Улмаар сонгон шалгаруулалтын хорооноос сонгосон 10 хос нэрэн дээр хоёрдугаар шатны санал хураалт явуулж, 700 мянга орчим хүний саналаас "Бао” буюу “Эрдэнэ” гэсэн утга бүхий үг орсон “Руйбао”, “Хуйбао” гэсэн нэрсийг сонгосон нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.