Өвөр Монгол халуун чинжүүний тариалалтаар Хятадад дээгүүрт орж байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-12
Манай өмнөд хөрш халуун чинжүүний хэрэглээ болон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа талаар саяхан Хятадад болсон халуун чинжүүний үйлдвэрлэлийн хөгжлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Жил бүр тус улсад хоёр сая га газарт халуун чинжүү тариалдаг байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тоон баримтаас үзвэл 2000-2021 онд дэлхийн халуун чинжүүний гуч гаруй хувийг Хятадад тариалжээ. Тухайлбал, тус улсын гадаад руу экспортолдог халуун чинжүүний хэмжээ дэлхий нийтэд ургуулж байгаа халуун чинжүүний тал хувьтай тэнцдэг байна. Хятадад 400 гаруй жилийн өмнөөс уг ногоог тариалж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 500 гаруй сая хүн халуун ногоотой хоол иддэг, халуун ногоотой хоолны соёл сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй дэлгэрэх болжээ. Тус улс 2022 онд 1.7 тэрбум долларын халуун чинжүү экспортолсон нь 2021 оныхоос 11.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэгвэл Хятадад Өвөр Монгол, Сычуань, Хунань, Юньнань, Хэнань халуун чинжүүний тариалалтаараа тэргүүлдэг ажээ. Энэ жилийн хувьд Өвөр Монголын Тунляо хотын тариаланчид 0.06 га бүрээс 3000 кг халуун чинжүү хураасан байна. Улмаар 0.06 га бүрээс хураасан ургацаас 5000 юанийн цэвэр ашиг олох ажээ. Учир нь, энэ жил халуун чинжүүний үнэ өмнөх жилтэй харьцуулахад нэг кг тутамд 0.2 юаниар өссөн юм. Тунляо хотын Кайлу тойрогт 40 мянган га газарт 60 мянган өрх халуун чинжүү тариалж байна. Улмаар ургацын талбайд 50 мянга гаруй хүн ажиллаж жилд 360 сая юанийн хөдөлмөрийн хөлс авдаг. Кайлу тойргийн хөдөө аж ахуйн газрын албан ёсны мэдээллээс үзвэл энд жилд 1.5 тэрбум кг улаан чинжүү хураадаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.