Монголын тэргэнцэртэй сэлэмчид анх удаа Азийн наадамд оролцов
Чихэнд чимэгтэй
2023-10-31
Дэлхийн 44 орны тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Ханжөүгийн Азийн Паралимпийн IV наадамд манай улсаас тамирчин, багш, дасгалжуулагч, эмч, удирдлага нарын 108 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 20 дугаар байрт жагслаа. Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох эрх авчээ. Үүний дотор тэргэнцэртэй сэлэмний төрөлд манай тамирчид анх удаагаа эх орноо төлөөлөн амжилттай оролцов. Тус төрөлд Монголын зургаан тамирчныг Тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга О.Анударь, дасгалжуулагч Мөнхтулга, хүчний бэлтгэлийн чиглүүлэгч Б.Хүсэлтүвшин нар дасгалжуулсан байна. Манай тамирчид тэргэнцэртэй сэлэмний ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож, ганцаарчилсан төрөлд хэсгийн тулаанд Д.Цолмон Кувейт, Хонконгийн тамирчдыг ялж, улмаар Хятадын тамирчинтай тулалдаж 15:14 харьцаатай тэмцээнээ дуусгажээ. Энэ талаараа тэрбээр “Хол зөрүүтэй хожигдлоос бус нэг онооны хожигдол маш их зүйлийг ухааруулж сургамж болсон” хэмээн цахим хуудаснаа хуваалцсан байна. Ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог Азийн Паралимп БНХАУ-ын Ханжөү хотод арван өдрийн турш болж хаалтаа хийжээ. Харин 5 дахь удаагийн наадам 2026 онд Япон улсад болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.