Анжелина Жоли Израиль, ХАМАС-ын дайныг шүүмжилж дэлхийн удирдагчдыг буруутгав
Анд нөхдийн мэдээ
2023-11-03
Холливүүдийн од Анжелина Жоли олон нийтийн сүлжээгээр Израилийн Газын зурваст хийсэн агаарын цохилтыг шүүмжилж, энэ талаар бусад алдартнууд ч үзэл бодлоо илэрхийлж байгаа тухай Америкийн “Newsweek” сонин мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн сарын 30-нд Инстаграм хуудаснаа "Учир утгагүй алан хядах ажиллагаа явуулж, гэм зэмгүй олон хүний амийг авч одож буйд би уур хүрч, сэтгэл эмзэглэж байна" гээд "Барьцаалагдсан бүх хүмүүс яаралтай, эсэн мэнд гэртээ хариасай хэмээн залбирч байна" гэжээ. Анжелина Жоли өнгөрсөн он хүртэл 20 жил НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллага (UNHCR)-д сайн санааны элч, тусгай элчээр ажиллаж байсан туршлагаа дурдаад Газын зурвасын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг шаардсан байна. Эцэст нь тэрбээр "Палестин, израильчуудын амьдрал болон дэлхийн бүх хүмүүсийн амьдрал адилхан үнэ цэнэтэй" гэж онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс хойш гурав хоногийн дараа А.Жоли Газын зурвасын хойд хэсэгт байрлах Жабалиа дүрвэгсдийн хуаранд Израилийн агаарын довтолгооноос болж хүчтэй дэлбэрэлт болсон зургийг нийтэлжээ. Уг зургийн хамт тэрбээр "Палестины сая сая энгийн иргэдийг бөөнөөр нь шийтгэж, хоол хүнс, эм тариа, хүмүүнлэгийн тусламжаас хасаж байна. Гал зогсоохоос татгалзсанаараа дэлхийн удирдагчид энэ гэмт хэрэгт шууд холбогдоно" гэжээ. Үүнд цахим орчинд олон хүмүүс түүнийг үзэл бодлыг дэмжиж, санал нэгтэй буйгаа илэрхийлж байгаа бол зарим хүмүүс “Шударга бусаар төвийг сахиснаараа дарангуйлагчийн талд байна" гэх мэтээр шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.