Монгол драмын жүжиг анх удаа гадаадын тайзнаа
Чихэнд чимэгтэй
2023-11-17
Монгол, Их Британи улсын найрамдалт харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Лондоны Колизэй театрт “Монгол хаан” жүжгийг өнөөдөр анх удаа тоглох гэж байна. Ингэснээр тус жүжиг нь гадаадын театрт тоглож буй Монголын анхны драмын жүжиг боллоо. Нийт 2263 хүний суудалтай тус театрт "Монгол хаан" жүжгийг энэ сарын 17-ноос ирэх сарын 2 хүртэл оройн цагаар 12 удаа, өдрийн цагаар гурван удаа тоглох юм. Одоогийн байдлаар жүжгийн эхний өдрийн буюу өнөөдрийн тоглолтын тасалбар бүрэн борлоод байна. Уг жүжгийн тасалбарыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас борлуулж, маркетинг сурталчилгааны ажлыг нь эхлүүлэн гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээ гаргасан юм. Ингэхдээ Лондон хотод 25 сурталчилгааны самбар байршуулж, хүн ихээр цугладаг метро, таксины буудлуудад зар байршуулан, тусгай машинтай, морьтой хүмүүс явж тоглолтын мэдээллийг түгээжээ. Түүнчлэн театрт жүжгийг монгол хэлээр тоглохоор болсон тул англи хэл дээр ном болгон хэвлүүлсэн билээ. Мөн жүжгийн уран бүтээлчид энэ сарын 12-нд 800 жилийн түүхт “Lord Mayor’s Show”-д оролцсоноос гадна 15-нд Трафальгарын талбайд бий биелгээ хийж сурталчлав. Тэгвэл тус жүжгийн театрын хадмал орчуулгыг Их Британийн зохиолч Тимберлэйк Уэртэнбэйкер, Монголын эзэнт гүрний талаар олон зохиол бичсэн Жон Мэн нар хийжээ. АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг Б.Баатар физикл драмын жүжиг болгон найруулж 2022 онд УДЭТ-ийн тайзнаа 117 удаа тоглуулсныг 67 мянган хүн үзэж таван тэрбум гаруй төгрөгийн орлого олсон билээ. Иймд жүжгийг энэ онд дахин тайзнаа тоглож, улмаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдад зориулан "Монгол хаан" нэрээр, долоодугаар сарын 1-8-нд англи хэлээр тоглосон бөгөөд тухайн үед "Монгол хааныг бүтээсэн нь" гэдэг баримтат кино хийхээр Их Британийн уран бүтээлчид ирж ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.