images

Хилчид хэдэн хүний амь насыг хамгаалав?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-20


   Хөвсгөл аймаг дахь Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарын харуулын дарга, ахлах ахлагч Б.Тайга, байлдагч Л.Батсайхан нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа хүний амь аварсан талаар өчигдөр Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, тус аймгийн Цэцэрлэг сумын нэгдүгээр багийн харьяат 15 настай хүү улсын хилээс таван км орчим зайд мориноосоо унаж хөлөө бэртээсэн байсныг тэдгээр алба хаагчид олжээ. Улмаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Хүүгийн ар гэрийнхэн хилчдэд талархлаа илэрхийлж, салбарын хамт олонд нь агт морь бэлэглэсэн байна. Хөвсгөл аймагт нийт 9 суманд 11 хилийн салбар анги хил хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа юм.

   Ойрын жилүүдэд хилчид улсын хилд үүрэг гүйцэтгэж явахдаа хүний амийг нэг бус удаа аварчээ. Тухайлбал, хилийн цэргийн 0132 дугаар ангийн ахлах ахлагч Г.Золжаргал, байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нар энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр мотоцикльтой явж байгаад хээр осгосон нэг иргэнийг олж, амийг нь аварсан юм. Түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт хоёр машин осолдон дөрвөн иргэн хүнд бэртсэн байсныг хилийн цэргийн эмнэлгийн бүлэг тааралдаж цаг алдалгүй анхан шатны тусламж үзүүлжээ. 2021 оны нэгдүгээр сард хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар ачааны машины аккумулятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байсныг сэрээн, аюулаас сэргийлж байв. Мөн 2021 долоодугаар сарын 16-нд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Онон голд живж байсан иргэнийг хилийн цэргийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга Ж.Баатарцогт аварчээ. 2020 оны хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хоёр иргэн сураггүй алга болсныг хилийн 0168 дугаар ангийн хилчид олж, осгох аюулаас аварч байв. 

Гэрэл зургийн эх сурвалж: Хил хамгаалах байгууллага.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.