Монгол тэшүүрчид шорт трекийн дэлхийн цомын төлөө өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2023-11-21
Үндэсний шигшээ багийн тэшүүрийн тамирчид болох Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, С.Ганхөвсгөл, Б.Гэрэлтуяа нар дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ. Тэд энэ эрхээ авахын тулд Герман, Унгар, Болгар улсад болсон шорт трекийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна. Тухайлбал, Унгар улсад болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Үүний дараа Болгарт болсон тэмцээний 3000 метрийн багийн буухиад Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртснээр Нидерланд улсад ирэх сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхтэй болжээ. Тэгвэл ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртснээр БНХАУ-ын Бээжин хотод ирэх сарын 8-10-нд болох Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх эрхээ авч, тэдэн дээр Э.Мөнх-Эрдэнэ нэмэгдэж уралдах ажээ.
Манай улсад орчин үеийн тэшүүрийн спорт 1927-28 оны үеэс хөгжиж эхэлжээ. Улсын аварга шалгаруулах анхны тэшүүрийн уралдааныг 1951 оны хоёрдугаар сарын 18-нд зохион явуулахад эмэгтэйчүүдээс "Соёл" нийгэмлэгийн тамирчин Д.Нямцоо 500 метрийн зайд 1:54.01 секунд, эрэгтэйчүүдээс "Хилчин" нийгэмлэгийн тамирчин Д.Агваандугар 1500 метрийн зайд 3:28.60 секунд, мөн "Хилчин" нийгэмлэгийн тамирчин З.Балдан 3000 метрийн зайд 7:25.80 секундын амжилтаар анхны улсын аваргууд төрсөн түүхтэй.
Гэрэл зургийн эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.