images

Уганда: Далан настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-01


   Уганда улсын нийслэл Кампала хотын Үр шилжүүлэн суулгах төв, эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэгт өнгөрөгч лхагва гарагт 70 настай эмэгтэй Сафина Намукваяа амаржиж эрүүл саруул ихэр хүү, охин төрүүлжээ. Тэрбээр үр шилжүүлэн суулгах аргаар жирэмсэлж, кесарь хагалгаагаар төрсөн байна. Эмэгтэй 34 долоо хоногтойдоо төрсөн нь энэ бөгөөд ихрүүд тус бүр хоёр кг жинтэй төржээ. Ингэснээр С.Намукваяа хамгийн өндөр настайдаа хүүхэд төрүүлсэн африк эмэгтэй болжээ. Гэвч түүний жирэмсэн байх үед хүнд байжээ. Учир нь, нөхөр нь хоёр ихэр хүүхдийн аав болохоос айгаад орхиод явсан гэнэ. Тэднийх Кампала хотын төвөөс баруун тийш 120 км зайд орших алслагдсан Масала тосгонд амьдардаг аж. Мөн С.Намукваяа 2020 онд 67 настайдаа охин төрүүлснээ орон нутгийн арилжааны “NTV” телевизэд ярьсан байна. Тэрбээр өндөр настайдаа хүүхэд төрүүлснийхээ учрыг “Би хүмүүсийн хүүхдийг харж өгдөг байлаа. Тэд өсөж том болоод явахад би ганцаараа үлддэг. Тиймээс хөгширсөн хойно минь хэн намайг асрах бол гэж бодсон” хэмээн хэвлэлд ярьжээ. Учир нь тэрбээр 67 нас хүртлээ огт хүүхэд төрүүлээгүй аж. Эмэгтэйн анхны нөхөр 1992 онд таалал төгссөн бөгөөд тэд хүүхэдгүй байсан тул нутгийнхан нь "Хүүхэдгүй эмэгтэй" гэж доромжилдог байсан гэнэ. Улмаар эмэгтэй 1996 онд дараагийн нөхөртэйгөө учирчээ. Ийнхүү тэрбээр дөчин жилийн турш жирэмсэн болох гэж хичээсний эцэст 2020 онд анхны охиноо төрүүлсэн нь тэр байжээ.

   Харин дэлхийд хамгийн өндөр настайдаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй бол Энэтхэгийн иргэн Эрраматти Мангамма юм. Тэрбээр 2019 онд 73 настайдаа мөн л үр шилжүүлэн суулгах аргаар жирэмсэлж кесарь хагалгаагаар ихэр охин төрүүлж байв. Тэгэхэд Э.Мангаммаг 57 настай нөхөр нь сайн дэмжиж байсан гэдэг. Харин түүний өмнө хамгийн өндөр настайдаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй 66 настайдаа амаржиж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.