images

Ирэх оны нийслэлийн төсвөөс 214 төсөлд 983.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-01


   Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20 дугаар ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт ирэх оны нийслэлийн төсвийн төслийг танилцуулав. Тус төслийг зохиох нээлттэй хэлэлцүүлэгт есөн дүүргийн 250 иргэн оролцож 637 санал өгсөн байна. Улмаар тэдний саналд үндэслэн агаар, орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууц болгох, нийтийн тээврийг сайжруулж, авто замын түгжрэлийг бууруулахаар холбоос зам тавих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж ажлын байр бий болгох, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн төрлийн ажилд нийслэлийн төсвийг зарцуулахаар төсөлд тусгажээ. Мөн ирэх онд нийслэлийн төсөвт 2.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ нь өмнөх оны орлогын төлөвлөгөөнөөс 33.5 хувиар их дүн юм. Уг орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Мөн ирэх оны төсвийн зарлагын хуваарилалтыг гаргажээ. Ингэхдээ төсвийн 1.1 их наяд төгрөгийг урсгал, 964.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт, 9.5 хувь буюу 230.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр хуваарилсан байна. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтыг тооцоолохдоо нутгийн захиргааны 56 байгууллагаас авсан 912 төслөө ач холбогдлоор нь эрэмбэлж 214-д нь нийт дүнгээрээ 983.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.