А.Отгонболдод ОХУ-ын "Большой" театрын удирдаач хамтарч ажиллах санал тавьжээ
Чихэнд чимэгтэй
2023-12-05
ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Соёл урлагийн сангаас "Оросын дуурийн олон улсын уралдаан"-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, наадмын ялагчаар 25 настай тенор дуучин А.Отгонболд тодорчээ. Уралдааны эхний шатанд 14 орны 80 гоцлол дуучин оролцож, хоёрдугаар шатанд 50, финалын шатанд 7 орны 20 дуулаач Оросын сонгодог дуурийн нэг ари эгшиглүүлж, цахимаар өрсөлдсөн байна. Манай улсаас тус наадамд оролцсон УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар, гоцлол дуучин Т.Чулуунчимэг, дуучин Х.Бямбарагчаа болон дуурийн дуулаач Э.Очирсайхан, ЦЕГ-ын "Сүлд" чуулгын гоцлол дуучин А.Отгонболд, МУК-ийн оюутан Б.Мөрөн нар финалд шалгарчээ. "Оросын дуурийн урлагийн олон улсын уралдаан"-ы онцлог нь жил бүр нэг улсыг сонгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тухайд Алжир улсыг сонгосон боловч Ойрхи Дорнодод өрнөж буй Израиль-Палестины нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар болсон байна. Мөн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Орос, Монгол, Итали, Австрийн тэргүүлэх театруудын удирдаач, гоцлол дуучид, хөгжмийн урлагийн багш нар багтжээ. Тэгвэл энэ дундаас Оросын "Большой" театрын симфони найрал хөгжмийн удирдаач Айрат Кашаев А.Отгонболдтой Оросын хөгжмийн зохиолчдын дуурийн бүтээл дээр цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ялагчид энэ сарын 14-ний өдөр Москва хотноо "Зул сарын баярын Харшийн бал"-ийн хүрээнд болох гала тоглолтод дуулж, шагналаа гардаж авна.
А.Отгонболд нь 2022 онд Монгол улсын консерватори, 2023 онд ОХУ-ын Новосибирскийн консерваторид суралцаж төгссөн бөгөөд Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан болон Новосибирскийн консерваторийн профессор Дмитрий Суслов нарын шавь юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.