Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчин хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-12-22
“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн өндөр орлоготой 20 эмэгтэй тамирчны жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Уг жагсаалтыг 22 настай Польшийн теннисчин Ига Швёнтэк 23.9 сая долларын орлогоор тэргүүллээ. Жагсаалтад багтсан эхний арван тамирчны ес нь теннисчин бол нийт 20 тамирчны дунд гольф, хөлбөмбөгийн хоёр, хоёр тамирчин багтжээ. Мөн цана, бадминтон, сагсан бөмбөг, гимнастикийн тамирчдаас жагсаалтад нэг нэг хүн багтсан бөгөөд 2023 онд өндөр орлого олсон 20 эмэгтэй тамирчин нийт 226 сая доллар олсон байна. Ингээд жагсаалтын хоёрдугаарт, Хятадыг төлөөлөн тэмцээнд оролцдог америк цаначин Эйлин Гу оржээ. Тэрбээр 22.1 сая долларын орлого олсон байна. Түүний араас 21.7 сая долларын орлоготой теннисчин Коко Гауфф, 15.2 сая долларын орлоготой Эмма Радукану, 15 сая долларын орлоготой Наоми Осака, 14.7 сая долларын орлоготой Аряна Сабаленка, 12.5 сая долларын орлоготой Жессика Пэгула, 12.2 сая долларын орлоготой Вэнус Уильямс, 9.5 сая долларын орлоготой Элена Рыбакина, 8.8 сая долларын орлоготой Лэйла Фернандэс нар оржээ. Эд бүгд теннисчин бөгөөд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг 2008-2016 оны хооронд тасралтгүй найман жил ОХУ-ын теннисчин Мария Шарапова тэргүүлсэн түүхтэй.
Энэ оны жагсаалтын 11 дүгээрт 8.2 сая долларын орлого олсон АНУ-ын 25 настай гольфчин Нэлли Корда орсон байна. Тэрбээр “Delta Air Lines”, “Goldman Sachs”, “Nike”, “TaylorMade Golf”, “T-Mobile” компаниудтай хамтран ажиллажээ. Түүний араас АНУ-ын 38 настай хөлбөмбөгчин Меган Рапино 8.2 сая, сагсан бөмбөгчин Кандэс Паркер 8.1 сая, хөлбөмбөгчин Алекс Морган 7.8 сая долларын орлогоор удаалав. Ингээд жагсаалтын 15 дугаарт Хятадын теннисчин Жэн Циньвэн (7.2 сая), 16 дугаарт гимнастикчин Симон Билз (7.1 сая), Энэтхэгийн бадминтоны тамирчин Синду (7.1 сая) оржээ. Улмаар 18 дугаарт Тунисын теннисчин Онз Жабур, Канадын гольфчин Брүк Хэндэрсон, Чехийн теннисчин Маркета Вондроушова нар оржээ. Ингэснээр өндөр орлоготой шилдэг 20 эмэгтэй тамирчны 12 нь теннисчин болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.