АНУ: 48 жил шоронд хоригдсон иргэн гэм буруугүй нь нотлогдон цагааджээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-22
АНУ-ын иргэн, 70 настай Глинн Симмонс хүн амины хэргээр шоронд 48 жил, 1 сар, 18 хоног ял эдэлсний эцэст гэм буруугүй нь тогтоогдон цагаадаж ялаас чөлөөлөгдсөн тухай CNN мэдээлэв. Тэрбээр анх 22 настайдаа шүүхээр орж ял авсан байна. Тус улсын Гэм буруугүй байдлын үндэсний хорооны мэдээлснээр Г.Симмонсын ял нь АНУ-д шударга бусаар яллагдсан хамгийн урт хугацаа ажээ. Хэрэгт түүний гэм буруугүйг нотлох чухал баримтыг тухайн үед өмгөөлөгчид хүлээлгэн өгөөгүй гэдгийг баталсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард болсон давж заалдах шүүх хурлаар Оклахома мужийн шүүгч Эми Палумбо түүнийг гэм буруугүй гэж үзжээ. Шүүгч Э.Палумбо хэргийн баримтыг дахин хянаж үзсэнээ онцлоод "Г.Симмонс тэрхүү гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотолсон хангалттай нотлох баримтуудыг шүүх олж тогтоосон" хэмээн шийдвэртээ дурдсан байна. Түүнийг 1974 оны арванхоёрдугаар сард архины дэлгүүрийн худалдагчийг Дон Робертс хэмээх өөр хүнтэй хөнөөсөн гэж буруутган, аллагыг гардан үйлдсэн хэмээн үзэж 1975 онд тэр хоёрт цаазаар авах ял оноожээ. Улмаар дөнгөж 22 настай байсан түүний ялыг хөнгөлж бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. Тухайн үед цагдаа нар нэг гэрчийн мэдүүлэгт тулгуурласан бөгөөд гэрч Г.Симмонс, Д.Робертс нарыг гэмт хэрэг үйлдсэн этгээд мөн хэмээн заажээ. Гэрч өгсөн мэдүүлгээсээ дараа нь буцсан боловч үүнийг мөрдөн байцаалтын материалд тусгаагүй байна. Г.Симмонс өөрийгөө буруугүй гэдгээ үргэлж мэдүүлсээр ирсэн бөгөөд хэрэг гарах үед Луизиана мужид байсан гэдгээ байцаалт бүр дээр мэдүүлж байсан ч үл хэрэгсжээ. Мөн түүнийг тухайн үед Луизиана мужид харсан гэх гэрчийн мэдүүлгийг мөн хүлээж аваагүй байна. Хэрэг хамтран үйлдсэн гэх Д.Робертс нь 2008 онд суллагджээ. Г.Симмонсыг цагаатгах шүүхийн шийдвэр гарсны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ тэрбээр "Удаан хүлээсэн өдөр ирлээ. Шударга ёс намайг аварч, миний нэрийг цэвэрлэлээ” гэсэн байна. Түүний өмгөөлөгч Жо Норвүүд "Тэрбээр залуу халуун нас, ажлын туршлага, санхүүгийн хувьд өөрийгөө болон гэр бүлээ авч явах чадвар гээд олон зүйлээ булаалгасан. Шүүхийн хуудуутай шийдвэрээс болж тэр бүхнээ алдсан” гэжээ. Улмаар өмгөөлөгч нь түүнийг, хэлмэгдсэн хүмүүст Оклахома мужаас олгодог нөхөн төлбөр болох 175 мянган долларыг хүртэх эрхтэйг хэлээд харин тэр мөнгөө олж авах хүртэл дахиад хэдэн жил зарцуулж магадгүйг онцолсон байна. Г.Симмонс одоо амьжиргаа болон эмчилгээний зардлаа "GoFundMe" олон нийтийн хандивын платформоор цугларсан мөнгөөр залгуулж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.