images

Монголчууд сансрын технологийн чиглэлээр Хятадад тэтгэлэгтэй суралцах боломжтой

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-27


   Хятадын Баруун хойд бүсийн Политехникийн коллеж Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тус сургууль 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Энэ удаагийн хөтөлбөрийг 2024 онд шинээр элсэгчдэд зориулсан бөгөөд сансрын технологийн чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тэтгэлэг олгох гэнэ. Магистрын хөтөлбөрийг гурван жил суралцаж төгсөх бол докторын хөтөлбөр нь дөрвөн жил байна. Тэтгэлэгт сургуулийн дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын зардал болох жилийн 800 юань, суралцах хугацааны амьжиргааны зардал буюу магистрын хөтөлбөрийн сар тутмын 3000 юань, докторын хөтөлбөрийн сар тутмын 3500 юанийн төлбөрүүд багтаж байгаа ажээ. Харин сансрын технологийн салбар эсвэл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай, магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35 хүртэл, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 хүртэлх настай байх болзлыг сургуулиас тавьсан байна. Түүнчлэн элсэн суралцагч англи хэлний ахисан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр төгссөн байх шаардлагыг тавьж буй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.