Японд болсон газар хөдлөлтийг шоолж тохуурхсан Хятадын телевизийн хөтлөгчийг ажлаас нь халжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-03
Шинэ оны анхны өдөр Японд болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтийг өшөө авалт, шийтгэлтэй холбон тайлбарласан Хятадын төрийн мэдлийн телевизийн хөтлөгчийг ажлаас нь халсан тухай тус улсын “Peng Pai” сонин мэдээлэв. Тодруулбал тус улсын “Хайнань” телевизийн хөтлөгч Шиао Ченхао 1-ний өдөр Weibo-д нийтэлсэн видео бичлэгтээ Японд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлээд түүнийгээ “Шийтгэл, өшөө авалт” хэмээн нэрлэсэн байна. Улмаар тэрбээр "Шинэ оны эхний өдөр ийм том байгалийн гамшиг болсон нь 2024 оны турш Япон бүхэлдээ гамшигт өртөхийн дохио" гэжээ. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, томоохон шүүмжлэл дагуулж эхлэхэд тус телевиз түүнийг ажлаас нь халжээ. Улмаар 2-ны өдөр тус телевиз албан ёсны мэдэгдэл хийж "Шяо Ченхаогийн зохисгүй үг хэлсэн асуудлыг шалгаж байгаа бөгөөд түүний ажлаас нь түдгэлзүүлсэн" гэсэн байна. Хятадын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт хэрэглэгчид түүний зохисгүй үйлдэл гаргасныг эрс шүүмжилж байна. Тухайлбал Хунань мужийн төрийн мэдлийн “Хунван” телевиз "Газар хөдлөлтийн идэвхжил бол байн байн тохиолддог байгалийн үзэгдэл бөгөөд Японы газар хөдлөлтийг учир шалтгааны шийтгэл, өшөө авалттай холбон тайлбарлах нь утгагүй хэрэг" гэжээ. Ихэнх хэвлэлүүд байгалийн гамшгийг хүн төрөлхтөн даван туулахад бие биедээ тусалж, хамтран ажиллах ёстойг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.