images

Хоол дургүй иддэг нохой эзнийхээ 4000 долларыг дуртайяа иджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-05


   Сесил нэртэй, долоон настай Goldendoodle үүлдрийн нохой эздийнхээ 4000 долларыг идэж, ихэнхийг нь зажилж хаясны дараа эзэд нь үлдсэн хэсгийг нь угааж цэвэрлэн, нааж нийлүүлж байгаа бичлэгээ Инстаграмм хаягтаа оруулснаар олны анхаарлыг татаж, улмаар эзэд нь АНУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгчээ. Нохойны зажилсан мөнгө нь монгол мөнгөөр 13 сая гаруй төгрөгтэй тэнцэх юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр болсон энэ явдлын тухай нохойны эзэн, АНУ-ын Пеннсильвани мужид амьдардаг Клэйтон, Кэрри Ло нар “Манай нохой амьдралдаа өөр зүйл сүйтгэж байгаагүй гэдгийг бурханд тангараглая” хэмээн ярьжээ. Мөн Кэрри Ло “Ширээн дээр стэйк үлдээгээд явлаа гэхэд бусдын нохой идэх бол манай нохой иднэ гэж байхгүй. Учир нь хоолсог нохой биш. Хоолноос илүү мөнгөнд дуртайг нь ингэж мэдлээ” хэмээн хотынхоо сонинд хошигнон ярьжээ. Харин нохойны идсэн мөнгө нь эр эм хоёр хашаагаа янзлуулахаар хамтын хадгаламжаасаа авсан мөнгө байсан байна. Тэд мөнгөө банкнаас авчирч гал тогооныхоо ширээн дээр тавиад ердөө 30 минут болж байхад нохой нь идэж орхижээ. Энэ тухай К.Ло "Эхнэр маань над руу "Сесил 4000 доллар идчихлээ" гэж хашгирахад чихэндээ итгээгүй, зүрхээр явахаа шахсан" хэмээжээ. Нохой нь урьд ийм үйлдэл гаргахыг хэзээ ч харж байгаагүй гайхаш тасарсан хоёр шууд л малын эмчид ханджээ. Харин малын эмч “Танай нохой биеэр том тул өөр эмчилгээ шаардлагагүй, гэртээ байлгаж ажиглахад болно” гэсэн байна. Үүний дараа тэд нохойныхоо зажлаад залгилгүй үлдээсэн мөнгөний тасархайнуудыг цуглуулж, эвлүүлж наав. Нохой нь идсэн мөнгөнийхөө заримаар бөөлжсөн бөгөөд муухай үнэртэж байсан учраас мөнгөний тасархайнуудыг угаасан байна. Ингээд банкин дээр буцаж очиход “Амьдралд ийм явдал барагтай бол тохиолдоггүй ч серийн дугаар нь харагдахаар байвал буцааж авъя" гэснээр, нохойн ходоодонд тэр чигтээ үлдсэн 450 доллараас бусдыг солиулж авч чаджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.